МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

ӨӨЛД ХУРИМЫН ЁС, ЗАН ҮЙЛ

ӨӨЛД ХУРИМЫН ЁС, ЗАН ҮЙЛ

Өөлд бол Ойрадын нэгэн аймаг юм. Ойрадын Цорос аймгаас үүссэн гэж үздэг. Зүүнгарын хаант улсын Цорос аймгийн харьяанд байж байгаад 1755-1758 оны бослогын үеэр Манжийн цэргийн дайралтад өртөж, нилээд хор хохирол амсаж байсан. Зүүнгарын хаант улсын Галдан Бошигт хааныг дагаж байсан Ойрадуудын нэгэн хэсэг болох Өөлдүүд одоогийн Ховд аймгийн Эрдэнэбүрэн, Архангай аймгийн Өлзийт, Өгий нуур, Хотонт сумдад суудаг. 2010 оны хүн амын тооллогоор 15520 өөлд хүн бүртгэгджээ. Өөлд гэдэг нэр нь Ойрад гэдэг үг сунжирснаар бий болсон гэж судлаачид үздэг байна. Манж нар Өөлдүүдийг 1730 онд Халх гол, Буйр нуурын орчимд нутаглуулж, дараа нь 1761 онд баруун тийш дахин нүүлгэж Орхон голын дунд хавиар, Өгий нуурын ойролцоо суулгаад Халхын Сайн ноён хан аймагт захируулсан байна. Ховдын Өөлд нь Манжийн ноёрхлын үед Ховдын газар, Богд хаант Монгол улсын үеэс Дөрвөдийн баруун гарын Үнэн зоригт аймгийн харьяа Өөлд Үйзэн гүний хошуу гэж нэрлэгдэж байв.  Өөлд хуримын салшгүй нэг хэсэг бол гэр бүрэх юм. Энэ нь агуулга шинж чанарын хувьд Халхын шинэ гэрийн найртай утга нэг болно. Өөлдөд гэрийн бүрлэгийг идээ, цагаа элбэг намрын улиралд буюу айлууд зуслангаас бууж голд орж, хонь ноослож, эсгий хийсэн хойно хийх бөгөөд харин хуримын угтвар буюу хуримлах ёстой давхцуулж хийх нь нэн ховор байв. Аман мэдээнд, хүүгээ бие гүйцэж насанд хүрэхээс өмнө буюу 9-17 насанд нь гэр төхөөрч бүрлэг хийдэг байжээ. Эл ёслол нь гэрийн мод хийлгэхээс эхлэн, дээвэр туурганы эсгий, оосор бүч зэрэг ханхай гэрт хэрэглэгдэх бүхий л эд зүйлсийг бэлэн болгоно гэсэн үг. Тэд хүүгээ нас биед хүрч, гэрлэх боллоо гэвэл нэг овгийн бус, нутаг усандаа элдэв муу явдалгүй төлөв төвшин амьдралтай, ажилсаг айлаас бэр болох \сэвгэр\ сонгохыг эрхэмлэнэ. Хүүгийн эцэг нь сонгосон бэр, хүү хоёрын нас, жил, мэнгэ, суудал таарсан, эсэхийг ламаас лавлана. Хэрэв лам зөвшөөрвөл өлзий бүрдсэн сайн өдөр хүүгийн эцэг буюу түүнийг орлох ёс төр мэдэх авга талын эрэгтэй хүн охины эцгийнд очиж, ирсэн учир байдлаа тайлбарлаж сураад олддоггүй сувд, эрээд олддоггүй эрдэнэ танайд байдаг байж, танайхаас хишиг хүртэхээр ирлээ!, гэх буюу эсвэл миний хүүгийи хань ижил танайд төржээ гэх зэргээр өгүүлж, хүүгийн нас, жил, мэнгэ сэлтийг хэлнэ.  Өөлдүүд хуримын урд өдөр охин талд “сэвгэр буулгана” гэдэг зан үйл үйлдэнэ. Энэ нь мордох охины үсийг нь задалж, авгай үс болгох зан үйл юм. Ер нь охиныг 13-14 настайд нь гурван салаа боодог зүүнэ. Арван зургаа нас хүрэхэд нь дөрвөн салаа боодог зүүнэ. Ахиад хоёр жилийн дараа 18 нас хүрэхээр нь зургаан салаа боодог зүүнэ. Тэрхүү зургаан салаа боодгийг нь авч үсийг нь хоёр салаа болгон сүлжих бөгөөд үүнийг сэвгэр үс буулгах гэнэ. Бага охидуудын толгойны хоёр талд сөөг үс тавьж, бусдыг нь авхуулдаг байсан. Түүнийг “сонжиго” хэмээнэ. Арваад нас хүрмэгц хоёр сонжигоны хоорондох зайг битүүлж тал гэзэгтэй болгодог. Охидыг нас бие гүйцээд ирэх цагт сая толгойн үсийг битүү болгодог. Харин эмэгтэй хүн үсээ задгай тавьж сэгсийлгэж олны нүдэнд харагдахыг цээрлэн жигшдэг байв.

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу