МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

ӨӨЛД ХУВЦАСНЫ УЛАМЖЛАЛТ УРЛАЛ

ӨӨЛД ХУВЦАСНЫ УЛАМЖЛАЛТ УРЛАЛ

Өөлдүүд хөх орой, хөх бүч /Галдан Бошигтоос хөх бүчээр шагнагдсан хэмээгддэг/, улаан ширээс, сампин, хойшоо илүү гарсан залаа бүхий “тумлай” хэмээх малгайгаараа бусад ястнаас ялгарна. Эмэгтэйчүүдийн тумлай оройдоо зүү ороосон хээ угалзаараа ялгарна. Мөн “өргөвч” хэмээх өнгийн хоргой торгоор урласан чихэвч хэрэглэнэ. Цагаан нэхий, өнгө татсан хурган болон үзүүрсгэн дээлээ хар, хөх өнгийн хилэнгээр “манз” гарган хөвөөлж, тод өнгөөр давхар эмждэг. Өөлд гутлыг  “өөлд гос” гэх бөгөөд ширэн ултай, гол төлөв ахрын ноосоор хийсэн хүрэн цэмбэн эмжээртэй оймстой байдаг. Эмэгтэйчүүд мал саах үедээ олон жил хэрэглэсэн хөхүүрийн ширээр хийсэн хар өнгийн “давхарга” ултай гутал хэрэглэнэ. Эхнэр хүмүүс тэрлэгний гадуур “цэгдэг” өмсөнө. Гоёлын хувцсаа “хээний хувцас” хэмээдэг бөгөөд гоёлын цэгдэг нь торго магнаган давхар эмжээртэй, энгэрт нь 8 мөнгөн товч зэрэгцүүлэн хадсан байдаг. Цэгдэг нь “хээгүүл” хэмээн нэрлэгддэг олон өнгийн саа, оюу сувдаар чимэглэсэн нэлээд өргөн цагаан торго, чисчүүгээр хийсэн  захтай.  Энгийн үедээ 6 гуулин товч бүхий урд хормой нь ташуу /Амарсанаа тэмдэг болгон ташуу болгосон гэдэг домогтой/, хойд хормойдоо оноотой “богино цэгдэг” өмсөнө. Зуны улиралд захгүй, дөрвөлжин энгэртэй “хийлэн” хэмээх цамц, өмд, хөх цэнхэр нударга бүхий дээл өмсөнө. Хүүхдийн хувцасны хувьд бусад ястнуудтай ижил төстэй бөгөөд харин бариувчийг “бариул” гэх бөгөөд энхрий хүүхдэд Казах дээл хийж өмсгөдөг. Мөн хүүхдийн бариувчийг эхлээд нохойд нөмөргөж домнодог байна. Хүүхдийн гутлыг үхрийн шир, хонь ямааны арьс, сэрхийн хүзүүний арьсаар урлахаас гадна бухын толгойн арьсаар хийж өмсгөдөг байна.  Эрэгтэй хүүхдийг 6-7 нас хүрэхэд шинэ дээл хувцас өмсгөн ах дүү нараар нь зочлуулдаг байжээ.

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу