МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

ҮЗЭМЧИН ХУВЦАСНЫ УЛАМЖЛАЛТ УРЛАЛ

ҮЗЭМЧИН ХУВЦАСНЫ УЛАМЖЛАЛТ УРЛАЛ

Үзэмчин эрэгтэйчүүд сэрүүний улиралд “өнгө дээл” өмсөнө. Энэхүү дээл нь эргэдэг захтай, “тасам” буюу өргөн, “зээт” буюу нарийн 2 эмжээртэй, зах энгэрийн залгаасанд “амьсгал” хэмээн нэрлэгддэг бага зэрэг доголтой, “туухай, туруу” буюу ахмад настан далбагар, залуу хүн цомбогор нударгатай, урт байдаг ажээ. Голчлон цэнхэр өнгийн бүс бүслэх бөгөөд бүсээ битүү ороохыг цээрлэн /бүсний үзүүр гашуудлыг илэрхийлнэ хэмээн/ бүснийхээ 2 үзүүрийг битүү гогцоолж, 2 ташаа юмуу ардаа унжуулж явна.

Үзэмчин ардын “Хар торгон ханжаар” дуунд:

Хар торгон ханжаарыг хө

Харанхуй шөнөөр шаглаад оёсон юмаа

хэмээн гардаг “ханжаар” нь улаан, ногоон, хөх 3 давхар эмжээр бүхий ар өвөр, хоёр ташаа 4 талдаа оноотой, гоёлын хантааз юм. Мөн цаг агаараас шалтгаалан хүрэм, хэвнэг /ахрын эсгийгээр хийж, хар өнгөөр гадарласан урт халхгар цув/ өмсдөг. Мөн дээд талыг нь өмдний тэлээнд бэхэлж, доод талыг нь гутлын түрийнд хийн өмсдөг өвдөг даарахаас хамгаалдаг “туушуу” хэмээх зүйл хэрэглэж байсан нь бусад ястнаас ялгарах онцлог хувцас юм. Халуун дулаанд хүүхэд, том хүн ялгалгүй “цээжмэг” хэмээх энгэр зах нь дээлтэй ижил 2 хажуудаа оноотой, урт богино цамц өмсөх ба эрэгтэйчүүд цагаан, эмэгтэйчүүд ногоон, улаан, цэнхэр өнгийг эрхэмлэнэ.

Үзэмчин эхнэр дээлний энгэр, ханцуй, оноог шараас бусад 3-4 өнгийн хоргой торго, ангийн үсээр эмжих ба дээлийн гадуур зах, ханцуйгүй, урд хойноо оноо бүхий 4 тал хормойтой ууж өмсөнө. Халх уужтай адил бүсэлхийгээр хөндлөн эмждэггүй, арын онооны дээд хэсгээр хошуу гарган эмждэг, ар өвөр гэж 2 хэсэг үргэлж эсгэдгээрээ ялгардаг. Өдөр тутамдаа энгийн богино ууж өмсөнө. Үзэмчин гутлыг “маажаа” гэх бөгөөд хэлбэр хийцийн хувьд буриад гуталтай төстэй. Сэрүүнд ахрын эсгий, дулаанд бөсөөр гадарласан ширмэл оймс өмсдөг. Аянд явахдаа ямааны арьсан “бойвог” буюу дэгтий хэрэглэдэг байжээ.

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу