МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

ҮЗЭМЧИН-ДАРЬГАНГА УРТЫН ДУУ

ҮЗЭМЧИН-ДАРЬГАНГА УРТЫН ДУУ

Монгол Улсын хэмжээнд Монгол уртын дууны энэ салбарт Сүхбаатар аймгийн Онгон, Халзан, Дарьганга сумын нутаг дахь Дарьганга аялгуу, дэг барил, Эрдэнэцагаан сумын Үзэмчин уртын дууны өв хамрагдана. Үзэмчин уртын дуу нь өргөн судлагдаагүй. Дарьганга уртын дуу нь Шилийн голын эрүүний нугалаа зонхилсон дэг барилтай төстэй юм. Тэдний алдартай уртын дуу нь “Жаахан шарга”, “Торой банди” зэрэг домогт дуунууд билээ. Эрт цагт “Өвгөн шувуу хоёр”, “Жороон жороо” гэх айзам дуу, “Эр бор харцага” зэрэг аж байдлын дууг Дарьганга аялгуу, дэг барилаар түгээмэл дуулдаг байсан нь сураг төдий бүдгэрчээ. Одоо Дарьганга аялгуугаар “Жаахан шарга”, “Торой банди”-аас гадна “Ар хөвчийн унага”, “Хүрэн толгойн сүүдэр”, “Эрх зээрд”, “Цомбон туурайтай хүрэн”, “Нарийн сайхан хээр” г.м цөөхөн уртын дуу дуулж байна. Дарьгангачууд уртын дуунаас гадна малын уриа дуудлагын ая, аялгуугаараа бүс нутагтаа алдартай гэдгийг онцолж болно. Дарьганга уртын дуу нь Халх, Шилийн гол, Ойрад аялгууны нийлмэл шинжтэй байдаг. Учир нь Дарьгангачуудын соёлын үүсэл нь XVII зууны сүүлч XVIII зууны эхэн хагаст бусад Монгол угсаатны соёлоос нийлэн бүрэлджээ. Дарьгангын уртын дууны аялгуу, дуулаг дэг барилыг сонсоход Халх уртын дууны олон шинж өвлөгдсөн нь мэдэгдэнэ. Үзэмчин угсаатан нь XX зууны эхэн, дунд үед нийгмийн шалтгаанаар Монгол Улсын Сүхбаатар аймгийн нутаг, Шилийн Богд орчимд ӨМӨЗО-ноос нүүдэллэн иржээ. Ингэснээр тэдний уртын дууны өв нь Өвөр Монголын уртын дууны бүлгээс тасран ирж Шилийн Богд орчимд Дарьганга аялгуу, дэг барилтай зэрэгцэн нутагшсан юм. Тэдний уртын дууны өв нь өдөр өдрөөр хумигдан бүдгэрч байгааг анхаарууштай. Үзэмчин аялгуу, дэг барил нь Монгол туургатны хэмжээний олон бүлэг дотроос хөгжлийн өндөр түшинд хүрсэн гэж тооцогддог. Тодруулбал, цоройлгох, ойлгох, давхиулах, шургуулах, дан шуранхайлах, ширгээх, хутгах, цайруулах, цөмрөх, хатгах, шүүрэх г.м уртын дууны сонгомол ур дүйг Үзэмчин уртын дуучдын ур чадвар, арга техникээс сонсдог билээ.

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу