МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

ҮЗЭМЧИН БҮЖИГ

ҮЗЭМЧИН БҮЖИГ

Зүүн Монгол ардын бүжгийн онцлог нь гар хөлийн түгээмэл хөдөлгөөн бүхий эртний ээрэмших, ёохор зэрэг олноор хийх тойрон бүжгүүдорно. Өнөө үед Үзэмчин ястанд нийт олны дунд наадан тоглож байгаа бүжгийн хэлбэр байхгүй боловч ардын аман зохиол, дуу магтаал, наадам тоглоомоос ишлэн бүжгийн мэргэжилтнүүд олон сайхан бүжгийг дэглэн бий болгосон юм. Харин жинхэнэ Үзэмчин ардын бүжгийг буй болгох уг сурвалж бол Үзэмчин бөхийн дэвэлт, өрөлт, шаваанд байгаа юм. Энэ бол Үзэмчин бүжгийн намба төрхийн үндэс мөн. Үүнийг алдарт бүжиг дэглэгч С.Сүхбаатар “Монгол бөхийн дуулал” хэмээх томоохон уран бүтээлдээ чадварлагаар илэрхийлж, Үзэмчин бүжгийн шинэ намба төрхийг тодруулсан билээ. Үзэмчин гэдэг нэрийн гарлыг “үзэмтэй” газраас нүүн ирснээс тэгэж нэрлэсэн гэх буюу “үзмэрч, төлөгч” байснаас ийм нэр олсон гэх төдийгүй “үзүүртэй, хурц шулуун” гэсэн утгатай гэсэн үгнээс үүсэлтэй хэмээн янз янзаар тайлбарладаг. Хэл соёлын хувьд Ойрад Монголтой арай ойр дөт болох нь ажиглагддаг. 1207 онд Их Монгол Улсын үед алс баруун зүгээс Үзэмчин, Үжигээдүүд нэгджээ. Эрт үед Үзэмчингүүд Үзмийн цагаан уулын ойролцоо нутаглаж малын туурайгаар бяцран гишгэгдэх хүртэл элбэг дэлбэг үзэм жимсээ хураан боловсруулж амьдардаг байсан хэмээн домоглодог. Үзэмчингүүд Чингис хаанд нэгдэн ирснээс хойш өнө удаан жил эл нутагтаа амьдран суусан бөгөөд XY зууны үед Батмөнх Даян хааны хүү Төрболдын эзэмшилд орж хааны зарлигаар говьд шилжин суурьшжээ. ХVI-XVII зууны заагт Халхын Сэцэн ханд захируулжээ. Дараа нь Өвөр Монголд харьяалагдаж байгаад Манж улс Өвөр Монголыг эзлэх үед түүний захиргаанд оржээ. Ийнхүү Үзэмчин нар БНХАУ-ын ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн харьяанд баруун, зүүн хошуу хэмээх чуулганд хоёр хэсэг болон суурьшсан бөгөөд 1945 оны өвөл тэдний нэг xэсэг нь БНМАУ-д нүүн шилжин ирж дагаар орж нутагласан байна. Энэ үед голчлон зүүн Үзэмчин хошууны хүмүүс орж ирснээс гадна баруун хошуунаас цөөхөн өрх айл иржээ. Дорнод аймгийн нутаг дэвсгэрт нутагласан Дорж ноёны албат явсан зүүн Үзэмчин нар 1946 онд шинэ засаг захиргаатай болж, Хэрлэн, Баян сумыг байгуулсан бөгөөд 1959 онд Баянтүмэн хот, Булган сумаас тасалж байгуулсан Баянтүмэн сум, 1961 онд Хэрлэнбаян, Хөгнө сумаар байгуулсан Сэргэлэн суманд харьяалагдах болсон байна. Нөгөө хэсэг болох баруун Үзэмчин хошуунаас ирэгсэд нь Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд суурьшжээ. 2010 оны хүн амын тооллогоор 2577 иргэд өөрсдийгөө Үзэмчин хэмээн бүртгүүлжээ.

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу