МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

ҮЕ УДАМ, ОВОГ ТӨРЛИЙН НЭРШИЛ ҮГ

ҮЕ УДАМ, ОВОГ ТӨРЛИЙН НЭРШИЛ ҮГ

Монголчууд “Ураг урагтаа хүндтэй, ургаа мод газартаа хүндтэй”-н учир хусавч үл арилах ясан төрөл, шахавч үл ширгэх цусан төрлөө мэдэхийг үр хүүхэддээ хичээнгүйлэн захидаг нь үр удмаа эрүүл ариун байлгах шаардлагын зэрэгцээ, төрөл садан ахан дүүсээ сайн мэдэж хүндэтгэн, дотносох, бие биенээ тэтгэн тусалж байх амьдралын хэрэгцээтэй холбоотой юм. Эцгийн талыг ясан төрөл, эхийн талыг цусан (юм уу махан) төрөл гэж үздэг бөгөөд өөрөөсөө өмнөх, хойтох долоон үеийг үр хүүхдэдээ сайн мэдүүлж, нэрлэж сургадаг. Тухайлбал: өөрөөсөө дээш эцэг, өвөг эцэг, өндөр эцэг, элэнц эцэг, элэнц өвөг, хуланц, хуланц өвөг гэх буюу өөрөөсөө доош хүү, ач, гуч, жич, дөч, тач, жилийх, талийх гэж долоон үеэ мэддэг байх учиртай. Төрөл саднаа хэд дэх үе болохыг ямар ч үед самуурч будилалгүй мэдэж, тоолох амар хялбар аргыг Монгол түмэн үр хүүхэддээ зааж өгдөг байв. Ингэхдээ өөрийгөө цээжин биеэр төлөөлүүлэн түүнээс гадагш хөл, гарын үзүүр хүртэлх мөч бүрийг нэг нэг үед хамааруулан долоон үе тоолж, ямар овогтны хэд дэх үе дээрээ явааг хэлэхээс гадна, долоон үе мултарсан бол хоорондоо гэрлэж болно гэж зааж өгдөг байв. Хүүгийн хүүхдийг ач, охины хүүхдийг зээ, аавын талын төрөл саданг авга, эхийн талыг нагац гэх бөгөөд хүүхэд үрчлэхдээ өөрийн овог буюу авга үеэл талаас авахыг эрхэмлэдэг байжээ. Аавын талыг нэрлэх гурван нэр байдаг. Нэгт, Авга гэдэг нь аавын талын бүх ах, эгч, дүү нар. Хоёрт, Үеэл нь эцэг нэгтэй ах, дүү нарын хүүхэд. Гуравт, Хаяал нь үеэлийн хүүхдүүд юм. Эхийн талыг нэрлэх, тус бүрдээ утга салаалсан гурван нэр бий.  Нэгт, Нагац гэдэг нь ээжийн талын бүх ах, эгч, дүү нар. Хоёрт, Бүл нь эх нэгтэй эгч, дүү эмэгтэйчүүдийн хүүхдүүд. Бүлийн хүүхдийг бүлээн, бүлээний хүүхдийг бүлэнцэр. Гуравт, Хүү, охин хоёроо гэрлүүлсэн айлууд хоорондоо худ болдог бөгөөд худ ураг барилдсан айлын эзэд (эрэгтэйчүүд) бие биенээ худ, эмэгтэйчүүд нь худгуй гэж нэрлэнэ. Харин гэрлэгсэд эхнэр нь юм уу, нөхрийнхөө аав ээжийг хадам аав, хадам ээж гэж дуудах ба өөрсдөө бол хадам талдаа бэр, хүргэн болдог. Монголчуудын угийн бичиг, гэрийн түүхийг үе дамжуулан хөтөлж ирсэн нь өвөг дээдэс төрөл саднаа мэдэх, түүний тогтолцоог хойч үедээ өвлүүлэн мэдүүлэх нэг арга болж байв.

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу