МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

ҮГЭН ТОГЛООМЫН УЛАМЖЛАЛТ ТӨРЛҮҮД

ҮГЭН ТОГЛООМЫН УЛАМЖЛАЛТ ТӨРЛҮҮД

Тоглоомыг сонирхолтой, өрсөлдөөнтэй, наргиантай хөгжилтэй болгох үүднээс уран цэцэн, хошин шог утга агуулгатай шүлгээр илэрхийлэхийг үгэн тоглоом гэдэг. Үгэн тоглоом нь дайралцаа, ес хэлэлцэх үг, асууж таалцах /Хэн нь хэцүү вэ?/, Хуруугаар тоглох /Хуруудах,  Хуруу олох, Сүмбэр уул, Утас гогдох г.м/, амьсгаа задлах /32 цагаан лонх тоолох/, хэл зүшрүүлэх /түргэн хэллэг хэлж уралдах/, оньсого таалцах г.м төрөлтэй. Дайралцаа үг нь хурдан сэтгэх чадвар, шүлэглэх авьяасаа сорилцон, оюун ухаанаа уралдуулж байгаа үгээр мухардуулсан нь ялдаг үгэн тоглоомын нэгэн төрөл. Дайралцаа:

Зээ хүү минь тиймүү дээ

Дайралцвал дайралцъя

Даалин хөөргөө тавилцъя

Хэлэлцвэл хэлэлцье

Хэт хутгаа тавилцъя

гэх ерөнхий эхлэлтэй, бие биенээ мохоох асуулт хариултаар өрнөж, эвлэрлээр төгсдөг. Оньсого таалцахад нэг сонирхолтой зүйл байдаг нь хожсон тал нь хожигдсон талаа худалдах үг юм. Үүнд:

Хархын сүүлээр

Хазаар хийгээд

Жирхийн сүүлээр

Жирэм хийгээд

Олбийн сүүлээр

Олом хийгээд

Тарваганы сүүлээр

Ташуур хийгээд

Шар нохойн

Шагайтнаас уяад

Бор нохойн

Боривноос зүүгээд

Усан хаван гүйсэн

Улцан ягаан чавганцад

Эрүү өвдөг нь нийлсэн өвгөнд

Оньсого мэддэггүй түүнийг Худалдав аа гэх мэтээр уран цэцэн үгээр аялгуулан хэлдэг.

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу