МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

ЯТГА ХӨГЖИМ ТОГЛОХ УРЛАГ

ЯТГА ХӨГЖИМ ТОГЛОХ УРЛАГ

Монголын эртний чавхдаст хөгжмийн зэмсгийн нэгэн төрөл бөгөөд Европын ятгалга хөгжимтэй төстэй. Хятадын сурвалжид НТӨ III зуунд Хүннүчүүд кун-хоу, ху-кун-хоу гэсэн хоёр төрөл хөгжмийн зэмсэг хэрэглэдэг байсны кун хоу нь чавхдаст товшуур ятга, нөгөө нь хуурын төрлийн зэмсэг хэмээн тэмдэглэжээ. Монголчуудын түүхийн эх сурвалжаас үзэхэд ийм хөгжмийн зэмсэг нь XIII зууны үед байсан байна. Хубилай хааны үе буюу 1270-аад онд ордны найрал хөгжим байгуулахад олон хөгжим орсны дотор төрийн ятга, аху их ятга, босоо ятга, ятгалаг, хэвтээ ятга, өнцөгт ятга, нуман ятга зэрэг ятгын төрөл хөгжмүүд нэр заагдан орж байжээ. XYIII зууны үед одоогийн Баянхонгор аймгийн Номун хан хийдэд буддын шашны хурал номын үед ятга хөгжмийг хэрэглэж байжээ. Монголчууд “хүн ятга”, “бар ятга” гэх мэт ятгуудыг урладаг байжээ. Ятга нь чавхдаст, товшвор, цохивор зэмсгийн аймагт багтана. Монгол хийцийн ятга нь хэвшил болсон тогтонги загваргүй, хувь хүний уран сэтгэлгээгээр баяжсан, хээ угалз төгөлдөр галбир төрхтэй, өнгө будаг тод Монгол ардын уламжлалт бэлгэ тэмдгийг шингээсэн гоё сайхан чимэглэлтэй, хамгийн нарийн чавхдас нь гадна талдаа түүнээс дотогш дараалан бүдүүрсэн дарааллаар таван эгшгийн эрэмбээр хөглөсөн байдгаараа онцлог ялгаатай. Эдүгээ ятга урт шулуун хэлбэртэй бөгөөд их биеийг нэг жил хатаасан модоор хийнэ. Ятга нь 13 тэвхтэй, их биеийн дээд талыг нүүр гэх бөгөөд нүүрэн талаар бүдүүнээс эхлэн дээш нарийссан 13 ширхэг мяндсан утас татаж, өндрөөсөө нам тал руу 13 ширхэг тэвхийг дараалуулан байрлуулж, хүйр зангидан эрхийвчтэй холбон чангалан татна. Тэвх нь хөглөх болон хөг шилжүүлэх үүрэгтэй. Одоогийн ятгыг хөгжимдөх арга нь баруун гараар чавхдасыг татаж, зүүн гараар чавхдасыг дарж хөгжимддөг. Энэ нь ятгын доод хэсэгт чавхдасын илүү гарсан үзүүрийг баглан байрлуулсантай холбоотой юм. Эрт үеийн Монгол ятгын доод хэсэгт буюу нүүрэн хэсэгт багласан утас байхгүй байжээ. Ийм учраас Монгол ятгын чавхдасыг баруун зүүн аль ч гараар татаж, цохиж, дарж, нясалж, имэрч, чавхдаж байсан ажээ.

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу