МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

ЭСГИЙ ШИРМЭЛ УРЛАЛ

ЭСГИЙ ШИРМЭЛ УРЛАЛ

Малч, нүүдэлч Монголчуудын өдөр тутмын ахуй амьдралд морь мал чухал үүрэгтэй байсан төдийгүй таван хошуу малынхаа арьс үс, дэл сүүл, үс хялгас, ноос ноолуурыг ялган авч угааж цэвэрлэн түүгээрээ эсгий урлаж өдөр тутмынхаа ахуй амьдралд хэрэглэсээр иржээ. Монголчуудын өвлүүлж ирсэн биет бус өв ардын аман зохиолын дотор, биет өв болох эсгий ноос ноолуурыг хэрхэн яаж сонгох, бэлтгэх, ямар аргаар боловсруулах, хэрхэн яаж нэрлэх, эсгий ширмэлийн урлалыг оёж шидэх арга хэлбэр, түүнд урлах нэхээс, хээ угалз, тамга тэмдгийн талаар ч өдий төдий Монгол нэр томъёог үлгэр тууль, ерөөл магтаал ардын дуундаа ч уламжлуулсаар иржээ. “Монголчууд хэзээнээс малынхаа олон төрлийн зунгаг, ноос ноолуурыг намар (8-9-р сард) бэлтгэж, түүнийгээ төрөл зүйлийн хувьд “охорын ноос” буюу “уртын ноос” хэмээн хоёр төрөлд ангилдаг байна”. Үүний шинэ тутам ургасныг нь богино ноос буюу “охорын ноос”, урт ургасныг нь “уртын ноос” гэж ангилдаг аж. Харин  зарим үндэстэн угсаатны дотор “дэрсний ноос” хэмээх нэр томъёо байх ба тэр нь дэрснээс гаргаж авсан ноос гэсэн утга бус, харин (Казак үндэстний заншлаар) дэрсэн дээр байрлуулж тусгай аргаар бэлтгэсэн ноосыг “дэрсний ноос” гэж нэрлэсээр иржээ. Товчхон авч үзвэл бэлдсэн эсгийндээ цаваг наах, хээ угалз гаргах, ар өврийг ширж  буюу зээг гарган оёх гэх мэт олон зүйлийн аргуудыг хэрэглэж байж эсгий ширмэлийн урлал бүтдэг байна.  Түүнчлэн эсгийгээр урлах арга ухааныг нэрлэсэн нэр томъёонд “малын үс ноосыг ширэх, ширмэл, ширдэг хэмээсний утгыг “шир, ширэг, ширэлдэх гэсэн үгнээс улбаатай” гэдэг талаар доктор Л.Батчулуун тэмдэглэсэн байна. Ингэж урласан эсгий ширмэлээрээ төрөл бүрийн гэр ахуйн эд хэрэглэл, оромж сууц, хувцас эдлэлийг ч урлаж ахуй зан үйлд хэрэглэсээр ирсэн өдий төдий зан үйлийн ёс бий. Тухайлбал эрт дээр цагаас цагаан эсгийг шүтэж,  түүнийгээ айл гэр болох, бэр буулгах ёсны уламжлал, оромж сууц, Монгол гэрийн үүд хаалга, дээвэр туурга, эсгий бүрээс, өөрсдийн морь малын эмээлийн тохом, хувцас хунарт өргөнөөр ашиглан хэрэглэсээр иржээ.

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу