МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

ШИМИЙН АРХИ НЭРЭХ УЛАМЖЛАЛТ АРГА ТЕХНОЛОГИ

ШИМИЙН АРХИ НЭРЭХ УЛАМЖЛАЛТ АРГА ТЕХНОЛОГИ

“Жангар”-ын туульд:

Догшин хар арзын суурь болоод

Долоон дугуйраа гүйцээд суусан цагт… /”Жангар” Монгол туулийн цоморлиг” III, УБ, 2013/ хэмээн өгүүлдэгчлэн Монголчууд маш эртнээс төрөл бүрийн малын сүүгээр боловсруулсан айргийг нэрж шимийн архи /нэрмэл архи, тогооны архи, нэрмийн архи гэх мэтээр нутаг нутагт нэрлэх нь бий/  бэлтгэж иржээ. Тиймээс ч “айргийг нэрж арз, арзыг нэрж хорз” гаргадаг хэмээн үлгэр туульд өгүүлсэн байдаг. Шимийн архи нэрэхдээ тогоондоо айргаа /боз, цагаа гэх мэт нутаг нутагт өөрөөр нэрлэдэг/ хийгээд бүрхээрийг тэгшхэн тавьж, завсрыг нь даавуугаар сайтар чигжин уур гаргахгүй болгоно. Бүрхээр гэдэг нь 2 тохой хэрийн өндөртэй дээд доод талаараа тогоондоо таарсан мод эсвэл төмрөөр хийсэн онгорхой сав юм. Бүрхээрийн дээр жижиг ширмэн тогоо /жалавч/ тавьж завсрыг нь даавуугаар /тусгай ороолт ч байдаг/ сайтар ороож хүйтэн ус дүүртэл хийгээд галлана. Шимийн архийг битүү болон задгай 2 янзын аргаар нэрэх бөгөөд задгай нэрэх бол бүрхээрт архийг гадагш гаргах цорго хийж, тосох савыг цоргоны доор байрлуулна. Битүү нэрэх бол бүрхээр дотор архи тосох савыг дээд талын тогоог голлуулан зүүнэ. Тогоон дахь усыг хутгаж хөдөлгөж байгаад ус халмагц талыг нь авч  хүйтэн ус нэмнэ. Айргийн исэлтээс шалтгаалан тогооны усыг дунджаар 3 удаа солих бөгөөд нэг усаар авсан архи илүү хатуу чанартай болдог бөгөөд үүнийг “охь” хэмээн нэрлэнэ. Олон усаар авах тусам архины хэмжээ нь ихсэх боловч сул амттай болох бөгөөд “сувс” хэмээн нэрлэх нь бий. Дээжийг нь галд өргөхөд гал дүрэлзэж, хөх дөл гаргаж байвал архи сайн гарсны шинж гэдэг. Шимийн архи нь хий хуй, ядаргаанд сайн хэмээн эмчилгээний журмаар хэрэглэх нь ч бий. Түүнчлэн нэрмэлийн цагааг уух, үнэрийг нь авах, ууранд нь утах, бүрхээрийн дотор мах зүүж  жигнэж идэх нь хүртэл ядаргаанд эм болдог хэмээн үздэг байна.

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу