МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

ЦАМЫН ХУВЦАС УРЛАЛ

ЦАМЫН ХУВЦАС УРЛАЛ

Бурхны шашны нууц таринын зан үйлд хамаарах багт бүжгийг цам гэх бөгөөд Монгол цам нь бурхны шашинт бусад оронд дэлгэрсэн цамаас өөрийн дэг, дүр, зан үйл, агуулгаараа онцгой ялгардаг төдийгүй Эрдэнэзуу, Их Хүрээ, Төгс Буянтын хүрээ /Дөрвөд далай хан/, Ламын гэгээний хүрээ, Баядын Дэжээлингийн хүрээ, Ялгуусан хутагтын хүрээний цам гэх мэт хийд бүр гол сахиус, баг гоёлоороо ялгарах болжээ. Цамын баг, хувцас өмсгөлийг тусгай мэргэшсэн урчууд урлах бөгөөд хүрээ цамын урлал, ур чадвар,  гоо сайхнаараа нэн алдартай.  

Цамын багийг урлахдаа шавраар барьж, түүнээсээ цаасан хэв авч, даавуу цаас давхарлан нааж шуугаад өнгөлж бэхжүүлэн будаад, чимэг зүүсгэлийг нь хийдэг. Зарим багийг шүрээр урладаг байсан бөгөөд хүрээний алдарт уран Пунцаг-Осорын урласан Улаан сахиус Жамсрангийн шүрэн баг дахин давтагдашгүй бүтээл юм. Догшидын багийн тэргүүнд дуулга өмсгөн, оройд нь гилбэр, улаан залаа, дуулганы хөвөөгөөр “таван бадам” буюу хохимой толгойн дүрс,  магнай талд нь нар сар зэргийг дүрсэлсэн байна. Зөөлөн дүртэй бурхдын багийг дөлгөөн царайтай дүрслэн толгойд нь таван тал норовоор чимэг хийнэ. Чихэнд алтлаг өнгөтэй ээмэг голдуу зүүлгэнэ. Багны үсийг сарлагийн савгаар хийх ба амьтны дүрст баг нь уг амьтныхаа өнгөтэй ижил төдийгүй ам хамар, эвэр гээд уг амьтантайгаа яг ижил хийхийг зорино.

Цамын үндсэн хувцас нь энгэртээ алт мөнгөн толь, хорол, хормогчинд нь догшидын сүрлэг толгой хатгаж, бүсэлхийд нь дөлгөөн бурхдын дүрийг урласан, өнгө алаглуулан хошоолж гоёсон өргөн ханцуйтай “додъёг“ хэмээх дээл юм. Энгэр хормогчийг хохимой толгой, цагаан ясан эрхиэр чимнэ. Гутал нь ногоон өнгийн матар хоншоортой, зузаан цагаан ултай,  улаан торгон байдаг. Мөн зөвхөн Монгол цамд л байдаг “орны их тэнгэр” хэмээх Цагаан өвгөн, “Ханшаарт дөрвөн лус” буюу Хүрээ дөрвөн уулын эзэн, буга, согоо, бух, Бүүвэй баатар, Шижир баатар хэмээх Монгол хувцас өмсгөлтэй дүрүүд байдаг нь эртний Монгол бүжгийн уламжлалд “багт бүжиг” хэмээх төрөл зүйл байсантай холбоотой юм. Тухайлбал, “Тогорууны бүжиг”, “Тогосын бүжиг”, “Хур шувууны бүжиг” зэрэг жигүүртэн шувуу, ан амьтны хөдөлгөөн дуурайсан бүжгийг хийдэг байжээ. Цамын ёслол нь бурхны шашны дайсныг даран сөнөөх, аюулыг тонилгох зан үйл юм.

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу