МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

ЦАГААН САРЫН УЛАМЖЛАЛТ ЗАН ҮЙЛ

ЦАГААН САРЫН УЛАМЖЛАЛТ ЗАН ҮЙЛ

Уламжлал ёсоор цагаан сарын баярын бэлтгэл болгон өвлийн адаг сарын сүүлийн өдрүүд, 29-ний өдөр айл бүр хир тоосоо арилган гэр, хашаа хороогоо сайтар цэвэрлэдэг. Энэ нь шинэ оныг ямар ч муу муухай зүйлгүй угтахын бэлгэдэл болдог. Ингээд битүүний өдөр хэмээн нэрлэдэг сарын сүүл буюу 30-ны өдөр ёслолын зууш болох хонины ууц, бусад махыг чанаж, уламжлалт хэв загвараар бэлтгэж хийсэн ул (хавсай) боовыг тодорхой тоо, давхраар зориулалтын тавагт өрж, цагаан идээ, чихэр жимс, амттанаар ширээгээ чимэглэн, мөн айраг цагаа тэргүүтнийг сөгнөж, тарган эр хонины чанасан ууцаа тогтсон ёс дэгийн дагуу цар тавганд тавьдаг. Битүүний орой айл бүр хувь хувьдаа битүү гаргах буюу битүүлэг хэмээх өвөрмөц ёс хийдэг. Маргааш нь шинийн нэгний өглөө гоё хувцсаа өмсөцгөөн хот айлын хамгийн өндөр настныд цугларан насны эрэмбэ дараагаар золгон амар мэндийн ёсыг гүйцэтгэнэ. Энэ үед хүн бүр малгай өмсөн ариун цагаан хадаг дэлгэн барьж, хоёр гарын алгыг дээш харуулан ахмад настныхаа тохойн дороос түшин “Амар байна уу та?” хэмээн золгоход ахмад нь “Мэнд ээ, Амар сайн уу?, урт настай, удаан жаргалтай яваарай” гэж бэлгэтэй үг хариуд нь хэлдэг. Насаар дүү хүн ахмадынхаа тохойг дороос нь түшиж золгодог нь хүнд бэрх үед түүнийг хэзээд түшиж тулна гэсэн утга агуулдаг. Ийнхүү золгосны дараа сууцгаан ахмад настнаасаа эхлэн талархлын хөөрөг солилцон тамхилж, “Даага далантай, бяруу булчинтай, тором бөхтэй, төлөг сүүлтэй, тарган тавтай сайхан шинэлж байна уу?” гэх мэтээр амар мэндийн үгс шүлэглэн хэлэлцэж,  нас сүүдэр хэд хүрч буйг асуулцан мэндчилдэг. Ингээд цагаалга амсан ахмад настан нь ууц таллан хишиг хүртээж, хүмүүс цай идээ, хоол унд, айраг, архиар дайлуулж, хөгжилдөн наргина. Цагаан сараар зөвхөн хот айлынхан төдийгүй ойр саахалт, ах дүүс цөм харилцан зочлон золгодог.

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу