МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

ЦААСАН БОЛОН МОДОН ТОГЛООМЫН УЛАМЖЛАЛТ ТӨРЛҮҮД

ЦААСАН БОЛОН МОДОН ТОГЛООМЫН УЛАМЖЛАЛТ ТӨРЛҮҮД

Нарсэмбээр нааднууч, байнуу ч

Надтай хамт явнуу ч, байнуу ч

Үүшүүр тоглоом тоглоод байхаар

Үнэн үгээ хэлэх чинь яаганай

Хорол  тоглоод суугаад байхаар

Хоёргүй үгээ хэлэх чинь яаганай  / “Нарсэмбэ” Урианхай ардын дуу/

Монголчууд цагаан сарын шинийн нэгэнд “Хорол” /Баясгалан, Зэндмэнэ г.м-ээр нэрлэх нь бий/ тоглодог. Хорол гэдэг нь хус модон дээр 12 жил, 4 эрдэнэ, 12 зүйлийн амьтдыг дөрөв дөрвөн /гахай, нохой хоёрыг хоёр ширхэг/ ширхэг байхаар сийлсэн жаран ширхэг модон тоглоом юм. Тэгш тоотой хүмүүс тал болоод бүх модоо доош харуулан тавиад сайн хольж, тав таваар тойруулан тавиад нар зөв тойрч ээлжлэн авна. Авсан модоо гарт үлдэх, газарт тавихаар ялган ижилсүүлэх бөгөөд өлзий, арслан, луу, могой, морь, хонь нь гарын мод болно. Хоёр ижил модыг “Холбоо”, дөрвөн ижлийг “Азын дөрөв” гэх ба гарсан модыг дараагийн хүн ахиулж тавих байдлаар олон гэр барьсан тал нь хождог.

“Хаарта наадаан” буюу хөзөр тоглох нь Буриад ястны зугаа цэнгэлийн нэгэн төрөл болтлоо хөгжжээ. Буриадад хөзөртэй холбоотой ерөөл магтаал, оньсого таавар байдаг. Тухайлбал, “Хаарталдаха хүбүүтэй, хадамд ошохо басагатай болооройгты” /хөзөрдөх хөвгүүнтэй, хадамд очих охинтой болоорой/ хэмээн хуримлагсдыг ерөөх, “Дүйрэн хаанай дүрбэн сэрэг дүтэлхэдөө эбтэй, дүлэхөдөө дайтай” /Дүйрэн хааны дөрвөн цэрэг дөтлөвөл эвтэй, дөлвөл дайнтай/ гэх мэт оньсого таавар ч бий. Үүнээс гадна Буриадуудын дунд “Хаарташанай дуун” /карт буюу хөзөрчний дуу/ хэмээн нэрлэгддэг бүлэг дуу байх бөгөөд эдгээр нь зарим талаараа даалууны гуншинтай төстэй байдаг. Тухайлбал, “Хаартаа дуудахан дуу” /хожил дуудсан дуу/

Арбаадхан лаабаар хонжогшо л хайб /Арваадхан тоогоор хожоосой би/

Аянхан дангым дүнгэд гыш /Аятайхан хөзрийг минь дэмжээрэй/

Алтанхан түйсни яларагшал хайш /Алтанхан тамга минь ялгараарай/

Альганайм зохооё гаргагшал хайш /Алганы минь загатнааг гаргаарай/ гэх мэтээр хаартай буруулахан /хөзөр буруулсан-хожигдсон/, хаартай гүйжэ байхан /хожиж буй/, шүүгдэхэн хүнэй дуун /мөнгөө алдсан шүүгдсэн/ гэх мэт хөзөртэй холбоотой дуунууд хүртэл байдаг байна.

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу