МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

ЦААН СҮРЭГ МАЛЛАХ АРГА УХААН

ЦААН СҮРЭГ МАЛЛАХ АРГА УХААН

Цаатан ардын цаа маллах арга ухаан нь өнө эртнээс нааш уламжлагджээ. Цааны нэг настай янзагыг хугаш, 2 настай эрийг донгор, эмийг дунгуй, 3 настай эрийг гуйдаа, 3 болон түүнээс дээш настай эмийг манджиг гэнэ. Дөрвөн настай эр цааг хөнгөлж “зарь”, бух тавьсныг “этэр” хэмээн нэрлэнэ. Нэг этэр 40-50 манджиг хураадаг бөгөөд уналга, ачилга, ан гөрөөнд төдий л хэрэглэгддэггүй. Зургаан сараас эхлэн эвэр нь ургаж, 9-р сард ясжиж, эврийн бүрхүүл зөөлөн арьс гуужиж унадаг тул 9-10 сард этрийн эврийг угаар нь тайрдаг. Цааны эврийн салаа нас ахих тусам олон болдог бөгөөд нас гүйцсэн этрийн 1 эвэр 20-30 /2 эвэр 50-60/ салаа болдог байна. Цаа буга нь дунджаар 10-15 насладаг. Цааны үс өтгөн нягт тул хүйтэнд биеийн дулаанаа алддаггүй, цас ихтэй тусам тарга хүчээ авдаг, харин цас багатай жил турдаг онцлогтой. Манджиг 3 наснаас эхлэн, 4-5 сараас төллөж эхлэх бөгөөд сүү нь маш өтгөн тослог ихтэй.

Цаатан ардууд цааны нутаг бэлчээр сонгон, газрын гарц, өвс ногооны байдлаас шалтгаалан жилд 6-8 удаа нутаг сэлгэн нүүдэг. Өвөл урцны орчим тусгай бууц засдаггүй харин цасыг тарааж хэвтэр гаргадаг. Чоно ихтэй газар шөнөдөө уяж хонодог байна. Цаа маллагаанд хаврын сар нэлээд хэцүү байдаг. Цэцэг хөөн тарах, ширэнгэ модонд орооцолдох, чононд бариулах, бүр зэрлэгших ч тохиолдол байдаг тул хоёр хоёроор нь холбож 2-оос дээш хүн хоёр талаас нь хумин хариулдаг. Зунд сааль сүүний цаг тул тогтмол хариулга шаардагдана. Намар нутгаа зөв сонгож цаагаа тарга хүч авахуулах шаардлагатайгаас гадна мөөг хөөн гүйж тарга алдахаас сэргийлж, холбож хариулдаг. Цаатны нүүдэл нь олон зүйл бэлгэдлийг агуулсан өвөрмөц онцлог бүхий соёл юм. Цаатан айл бүхэнд хоймроо зэллэсэн онгод байх бөгөөд нүүдэл суудлын үед энэхүү онгодыг “онгоны зарь” /этэр/ хэмээх сэтэрлэсэн цаанд тусгайлан ачдаг. Газар дэлхий буюу дунд тивд онгодын унаа болдог /дээд тэнгэрт хэнгэрэг, хэц нь унаа болдог/ энэхүү онгоны зарийг гэрийн эзэн ч төдийлөн унадаггүй, онгоноос өөр ачаа бараа ачдаггүй бөгөөд гэрийн эзэн нүүдлийн түрүүнд хөтлөдөг байна. Мөн зарь болон этрийг сэтэрлэхдээ хар онгоны сэтрийг бараан зүсмийн зарьд хар хөх, ногоон, улаан, шар өнгийн даавууг, цагаан онгоны сэтрийг цагаан зүсмийн зарьд цагаан, хөх, ногоон, улаан, шар даавууг урт нарийн цуулж, хонины ноосон хүзүүвч хийж, уяж сэтэрлэдэг ажээ. 

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу