МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

ХӨХ ИДЭЭ БОЛОВСРУУЛАХ АРГА

ХӨХ ИДЭЭ БОЛОВСРУУЛАХ АРГА

Монголчуудын идээ ундааны соёлд “таван өнгө идээ” хэмээх ойлголт байдаг нь ертөнцийн үүслийн домогтой холбогдох бөгөөд үүнээс “хөх идээ” гэдэг нь ургамал ногоо, үр тариа, жимсний зүйлийг хэлж буй ойлголт юм. “Монголын нууц товчоо”-нд:

…Оюунтай төрсөн Өүлэн эх

…Олирс мойлыг түүн явж

…Гоо төрсөн Өүлэн эх

…Гогод мангирыг түүн явж /МНТ, 74, 75-р зүйл/

өсгөсөн хөвгүүд нь “хамгийн эзэн бүгдийн хаан” болсон хэмээн өгүүлдэгээс үзвэл өвөг дээдэс маань байгалийн өгөөж зэрлэг жимс, ургамлын зүйлийг эрт үеэс таньж мэдэж хоол хүнсэндээ хэрэглэж иржээ.

Монголчуудын хүнсэндээ хэрэглэдэг ургамал, үр жимсний  зүйлийг жимс жимсгэнэ, цайны ургамал, үр тариа, тосны ургамал, цардуулт ургамал, халуун болон аагт ургамал гэх мэтээр ангилж болно. Эдгээр олон зүйл үр жимс, ургамлыг хоол хүнсэндээ дангаар буюу хольж хачирлан хэрэглэхээс гадна бараг бүс нутаг хамаарахгүйгээр их бага хэмжээгээр газар тариалан эрхэлж байжээ.

Монголчууд бүр чулуун зэвсгийн үеэс тариалан эрхэлж байсныг батлах тариа цайруулагч, нүдүүр гэх мэт археологийн олдвор Төв, Дорнод, Өмнөговь, Сүхбаатар зэрэг аймгийн нутгаас олдсон бөгөөд дараах үеийн овог, аймаг, улсууд зуун зуунд уламжлан залгамжилсаар ирсэн нь судар түүхээс тодорхой харагддаг. Тариалан нь хэдийгээр мал аж ахуйн хавсарга боловч бие даасан соёлыг үүсгэсэн байна. Монголчууд ихэвчлэн амуу тариа, арвай буудай, шар будаа, чангаамал тарьдаг бөгөөд газар хагалах, тариа тарих, ургац гүйцэх, хураах зэрэг онцлог үед өвөрмөц зан үйл, ерөөл бэлгийн үг хэлдэг байна. Анжисанд  шар хөллөн нэг хүн хөтөлж, хүүхэд үхрийг туун, нэг хүн анжисны гар барьж, үхэр эргүүлэх үед “хашуул” гэж чангаар хэлж тариа тарьж эхэлдэг. Тариа тарьж дуусаад овоонд гарч цай чанаж дээжийг нь өргөн, арцанд гурил хольж сан тавина. Тухайлбал, Дөрвөдөд цацал өргөх үедээ:

Хархираа хальж ивэлж

Хамаг амьтны тэжээл өргөжтүгэй хэмээдэг байна.

Тариа хурааж дууссаны дараа:

…Улаан үхрийн ууц чинээ ургаж

Улс бүгдийг гайхтал ургаж

Унаагаар гарах хүн буугаад үзмээр

Явгаар гарах хүн суугаад үзмээр

Хулс адил ургаж

Хумх адил цухуйж

Энэ жил мянган бооз хадаж

Ирэх жил энэ жилээс илүү ургах болтугай

хэмээн “Баян сахлын ерөөл” хэлдэг.

Тариагаа цайруулахын тулд үхрээ тав таваар хүзүүгээр нь холбож хэдэн хүн хөтлөн зулсан тариан дээгүүр эргэлдүүлж, хүүхдүүд туухад:

Цацаг молцог түрүүтэй

Тариан бооз нуруутай

Үүрийн цолмон орой дээр

Эргэн тойрон үтрэм дээр

Гий хийг гий хийг

гэх мэтээр “Гишгүүрийн дуу” дуулдаг байна.

Тариа хурааж дууссаны дараа цай идээ, архи айраг, арвайн гурил тэргүүтэн авч “үтрэм тахих ёслол” хийнэ. Хангай дэлхийдээ цай идээнийхээ дээжийг өргөн, хүүхэд багачуудад хувь түгээн баярлуулж:

Тэргэл саран мэт дүгрэг

Толь шил мэт гөлгөр

Тал мэт уудам үтрэмээ

…Тараг айргийн дээжээр мялаамуу хэмээн үтрэмээсээ авахуулаад дэлхийн эзэн Цагаан өвгөн, үхэр, хүрз, анжис зэрэг багаж зэвсэгээ хүртэл магтан мялаадаг.

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу