МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

ХӨДӨЛМӨР, ЗАЙН ҮЙЛИЙН ХОЛБОГДОЛТОЙ УРИА ДУУДЛАГА

ХӨДӨЛМӨР, ЗАЙН ҮЙЛИЙН ХОЛБОГДОЛТОЙ УРИА ДУУДЛАГА

Энэ төрөл зүйлд хамгийн энгийн бүтэцтэй, ганцхан хэмнэлтэй аялага дуудлагаас нилээд нарийн бүтэц, хэмнэлтэй цол дуудлагын ая хүртэл олон зүйлийн ая аялгуу, түүнтэй холбогдох зан үйлүүд хамаарагдана. Монголын ард түмний ахуй амьдралаас урган гарсан уриа дуудлагуудыг дотор нь  малын уриа, малд төл авхуулах ая, саалийн уриа ая, анг дуудах дуу авиа, анг тогтоох ая дуудлага, уухайн ая-сур, шагайн уухай, морь бөхийн цол дуудлага, хурдан морины гийнгоо, зээнгоо гэж ангилж болно. Судлагч Ж. Бадраагийн мэдээлснээр: “тагнай ташихыг гаслан зовлон учирсных, уруул товших нь хүйтнийг илэрхийлсэн тэмдэг ая болдог бол, шогшрох нь алдаа мадаг гаргасных, исгэрэх нь халуунд сэрүүцэх гэсэн хүсэл тэмүүллийг илэрхийлсэн тэмдэг ая юм”. Эрт үеэс Монголчууд эрхэлж буй мал аж ахуйнхаа нэг хэсэг болох мал ээнэгшүүлэх, мал амьтантай харьцах төрөл бүрийн тэмдэг аяыг зохион туурвиж ирсэн байдаг. Үүнд мал амьтантай харьцахдаа илэрхийлэх гурийлах, өөвлөх, чүүглэх, хөөслөх зэрэг тэмдэг аязууд нь цааш хөгжин тойг, гүүргий, хурдан морины гийнгоо, уухай, ум марзай, ингэ хөөслөхөд аялах хөөс зэрэг мал аж ахуйн холбогдолтой мал ээнэгшүүлэх аязууд нь уухай болон тэмдэг аяас үүдэн аялгууны тодорхой бүтэц хэмжээг олон хөгжсөн байдаг. Тухайлбал хонь тойглоход Тойг тойг тойг тойг гэж аялгуулж байхад, ямаанд  чүүгий, ингэ хөөслөхөд хөөс хөөс, морь уралдуулахын өмнө ум марзай уухай, гийнгоо, марзай аялдаг. Түүнчлэн анчин гөрөөчин ан авд гарахдаа ангийн хишиг буян тогтоох, олз омог дуудах, ангийн хийморь сэргээх үүрэг зориулалт бүхий тэмдэг ая аялан дууддаг ба тэр нь ангийн уриа дуудлага болон хөгжсөн байдаг.  Харин мал аж ахуйн холбогдолоос үүдээд хурдан морины уухай, тоглоом наадмын шинж төрхийг агуулсан шагайн уухай аязууд хөгжсөн байдаг.

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу