МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

ХӨГЖӨӨНТ ТОГЛООМЫН УЛАМЖЛАЛТ ТӨРЛҮҮД

ХӨГЖӨӨНТ ТОГЛООМЫН УЛАМЖЛАЛТ ТӨРЛҮҮД

Монголчууд идэр залуу насандаа эмнэг хангал сургах, бугуйлдах булгиулах, уургалах, морины давхиан дунд шагай шүүрэх зэрэг ид хав, эр зориг шалгасан уралдаан тэмцээнд оройлон оролцдог нь  хөлд орсон цагаас модон шилбүүр унан гүйж, хурга ишиг эргүүлэхдээ хөөцөлдөн тоглож явсан тоглоом наадамтай нь салшгүй холбоотой юм.

Хөдөлгөөнт тоглоомын хамгийн түгээмэл нь “Чоно тарвагацах” бөгөөд нэг хүүхэд чоно болж, бусад хүүхдүүд тарвага болно. Хоёр хүүхэд чонон дээр очиж:

-Чоно гуай та хэтээ өгөөч?

-Хэтээр яах нь вэ?

-Гал түлье.

-Галаар яах гэсэн юм бэ?

-Цавуу буцалгая.

-Цавуугаар яах нь вэ?

-Нум сумаа наая.

-Нум сумаар яах нь вэ?

-Таны толгойг хага харвая

гэж хэлээд зугтаана. Тарваганууд хоёр нүхний хооронд гүйлдэхэд чоно хажуунаас нь дайрч, нүхэнд орохоос нь өмнө барина.

Гинж таслах: Хүүхдүүд хоёр хуваагдан гар гараасаа барилцан нэлээд зайтай өөд өөдөөсөө харан зогсоод нэг тал нь “Алтан гинжийг таслагтун” гэж зэрэг хашгирахад нөгөө тал нь “Хэнээр?” гэнэ. Эхний баг аль нэг хүүхдийн нэр хэлэхэд сонгогдсон хүүхэд хурдтай гүйн гинжийг таслан өөрийн талдаа нэг хүүхэд авчирах бөгөөд чадахгүй бол тэр талдаа үлдэнэ. Ингэж тоглосоор хүнгүй болсон тал нь хожигдоно.

Алчуур хаях: Хүүхдүүд тойрог болон суух бөгөөд нэг хүүхэд  тойрч явангаа хэн нэгний ард алчуурыг унагаана. Ард нь алчуур унагасныг мэдээгүй бол дуулах, шүлэг унших гэх мэтээр авьяасаа үзүүлэх бөгөөд мэдвэл алчуурыг авч хүүхдүүдийг тойрч явангаа хэн нэгний ард аль болохоор мэдэгдэхгүй унагаж тоглоно. Цагаан мод буюу цүү хаях: Бусад хөдөлгөөнт тоглоомыг бодвол цагаан мод буюу цүү хаях тоглоомыг томчууд тоглодог. Эсгий хийх, ноос савах, хонь хяргах гэх мэт ажлын дараа харуй бүрийгээр сартай шөнө олуулаа тоглодог. Хэд хэдэн баг болоод сонгогдсон нэг хүн бусдаас зайдуу зогсоод мухар тохой хэрийн цагаан модыг “Цүү хаялаа” гэх юм уу “цагаан мод, цагаан мод” хэмээн хашгираад хол шиднэ. Цүү олсон хүн бусдад мэдэгдэлгүйгээр цүү шидсэн хүнд авчирч өгснөөр ялагч болох бөгөөд бусад нь цүүг олсон хүнийг тандаж, олсон гэдгийг нь баттай мэдвэл цүүг булааж авах зэргээр хөөцөлдөн дамжуулж тоглодог байна.

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу