МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

ХАРИЛЦАА ДУУ

ХАРИЛЦАА ДУУ

Харилцаа дуу гэдэг нь тодорхой дүр, нэр бүхий 2 болон хэд хэдэн хүн тухайн үйл явдал, утга санаа, зан, чанар, намба төрхөд хувилан жүжиглэх, бүжиглэх зэргээр харилцан дуулдаг дуулалт жүжгийн үндэс болсон бүтээл юм. Харилцаа дуу нь тусгай хувцас, тайз засал шаардахгүй, эерэг болон сөрөг талын дүрийг гаргаж байгаа боловч аялгууны хувьд өөрчлөгдөхгүй учраас дуучнаас жүжиглэх ур чадвар шаарддаг. Бүр XIII зууны үеэс бидэнд уламжлагдсан “Алтан ордны үйсэн дээрх бичиг”, “Зээргэнэтийн шил” зэрэг сонгодог хэлбэрээ олсон дуунаас үзвэл гарал үүслийн хувьд нэн эртнийх юм. Агуулгын хувьд гүн ухааны /”Өвгөн шувуу”, “Зээргэнэтийн шил”/, уянгын /”Сүнжидмаа”, “Алигэрмаа”/, эмгэнэлт /”Өнчин цагаан ботго”, “Бодь цагаан гөрөөс”, “Шалзат баахан шарга”/, шог хошин /”Сумьяа ноён”, “Ванлий”, “Наян настай Намсан гуай”/ утгатай гэж үзэж болно. Шинэ үеийн утга зохиолыг үндэслэгч Д.Нацагдорж “Учиртай гурван толгой”-г зохиохдоо “Юндэн гөөгөө” зэрэг харилцаа дууны хэлбэрийг дууриалгаснаар харилцаа дуу нь Монгол дуурийн үндсэн загвар болсон гэж судлаачид үздэг.

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу