МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

ХАНУУР ХИЙХ АРГА УХААН

ХАНУУР ХИЙХ АРГА УХААН

Хануур засалд үндсэн таван зүйлийг тусгадаг. Багаж засал, шинжилгээ, ханах арга, гэм, тус эрдэм гэсэн үндсэн асуудлыг ярьдаг. Ер нь хануурын багажыг ган сайтай төмрийг уран дархан хүнээр давтуулж хийлгэвэл сайн байдаг. Багаж нь дотроо олон хэлбэртэй байна. Тухайлбал болжморын сүүлний өд мэт хэлбэртэй, сүх мэт иртэй, шинийн хоёрны саран мэт иртэй гэх мэтчилэн олон хэлбэр дүрстэй байдаг. Энэ нь ханах судлаасаа шалтгаалж өөр өөр багаж хэрэгслэл зайлшгүй шаардлагатай байдагтай холбоотой юм. Төвгөр ясан дээрх судасыг ханах тохиолдолд сүх хэлбэрийн хануурыг хэрэглэдэг. Орчин үед мэс заслын хутгыг хэрэглэх нь элбэг болсон. Хуучны хануурын хутга ховордсон. Хануурын хутга 6 хуруу урттай байх ёстой гэж шүнгийн номондоо заасан байдаг. Ирний хувьд хялгасыг уртаар нь зүсэх боломжтой нарийн иртэй байвал өвдөлт бага, судас гэмтээхгүй байх сайн талтай гэж үздэг юм. Ханаж болох болохгүй өвчин болоод өвчний байдлаас шалтгаалан цагийн тухай ярьдаг. Тухайлбал өвчний эхэн цагт ханах уу эсвэл дунд болоод өвчний сүүл цагт ханах уу гэдгийг өвчний шинж байдлаас шалтгаалж ханах шаардлагатай юм. Ханаж болох өвчин бол хавдар, шарх, сүрьеэ, уяман, тархсан хамарсан хижиг, гал намссан өвчнүүд буюу цус шарын халуунаар голлож үүссэн байдаг учраас ханаж болдог байна. Харин ханаж болохгүй өвчинд бол тамир барагдсан өвчин, адаар өвчилсөн өвчин эсвэл жирэмсэн болоод нярайлсаны дараах эх, галын илч доройтсон эдгээр өвчнүүд багтана. Эдгээр нь бадгана хийгээр голлосон хүйтэн өвчин учраас ханахыг цээрлэдэг байна. Түрүү ярьсан өвчний цагийн тухайд тодруулбал өвчний эхэн цагт ханах гэдэг нь хэнхэлдэг цээжинд цус буусан буюу тэр нь цулд хүрсэн эсвэл хамраас цус гараад тогтохгүй байх, цус алдах үед мөн дэлгэрэн хямарсан боловсрох чөлөөгүй өвчнүүдийн үед цаг харгалзахгүй шууд ханах шаардлагатай байдаг.

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу