МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

ХАМНИГАН ХУВЦАСНЫ УЛАМЖЛАЛТ УРЛАЛ

ХАМНИГАН ХУВЦАСНЫ УЛАМЖЛАЛТ УРЛАЛ

Хамниган эрэгтэйчүүд өвлийн цагт үнэгэн лоовууз, ангийн үсэн саравчтай /саравх/ Орос маягийн малгай өмсдөг. Төрөл бүрийн ангийн арьсан дээлнээс гадна задгай энгэртэй урт, чоно баавгайн арьсан дах өмсөнө. Дээл нь босоо захтай, урт, нударгагүй, энгэр захыг хар өнгийн эдээр өргөн эмжсэн байдаг бол ангийн буюу “оодон”, “явгадуур” хэмээх дээлийг уужим сугатай, богино хормойтой ихэвчлэн гөрөөсний арьсаар хийдэг. Гөрөөсний элдсэн арьсаар хийсэн өмд нь явган гөрөөлөхөд зориулагдан шуумаг нь нарийхан, богино байдаг. Хамниган эхнэр дээл болон ууж нь Буриад эхнэр дээл хувцастай нэлээд төстэй.  Энгэр цээж 2-ын уулзварыг ихэвчлэн даавуугаар эмжиж, нударгатай,  хормойг 4 хуруу өргөн тасамтай хийдэг. Бүс бүслэх ба 2 тал руугаа цацаг унжуулдаг. Буриад малгайнаас намхан шовгор бүхий урт бүчтэй, ангийн арьсан малгай өмсөнө. Хамниган нар тайгад ан гөрөө хийхэд зохицсон хөнгөн, ус нэвтрэхгүй “шархи” хэмээх гутал өмсөнө. Энэ нь Торгуудын “тоокуу госон”-той төстэй бөгөөд шархины ширийг норвол оймсноос /тэмээ, хонины ноосоор нэхсэн зузаан оймс/ мултлан хатааж, их хатсан үед нойтон шороонд булж, усанд дэвтээж өмсдөг. Үүнээс гадна буга хандгай, адуу үхрийн годоор “мооршиг” хэмээх гутал хийж өмсдөг. Нойтон годыг эргэн тойрон нүхэлж, уяа дээсээр сүвэлж татахад “мооршиг” буюу “буузан” хэлбэртэй болдог бөгөөд түрүйг нь зузаан даавуу давхарлаж хийдэг. Мөн эмэгтэйчүүд нь “ийчиг” хэмээх Буриад гуталтай төстэй ширмэл наамал ултай, намхан хоншоортой гутал хийж өмсдөг байна.

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу