МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

ХАЛХ ХУВЦАСНЫ УЛАМЖЛАЛТ УРЛАЛ

ХАЛХ ХУВЦАСНЫ УЛАМЖЛАЛТ УРЛАЛ

Халхчуудын хувцас бусад ястны нэгэн адил дээл, малгай, бүс, гутлаас бүрдэж, эрэгтэй, эмэгтэй, хүүхдийн болон 4 улирлын, гоёлын хэмээн ангилагдана. Эдгээр дээл хувцасны дотроос Халх эхнэрийн тэмээний ноос, цардсан эсгий чихэж түнтийлэгсэн “түнтгэр” хэмээх мөр, хоргой торгоор алаглуулсан эрээн ханцуйтай дээл ялгардаг. Улаан цэнхэр өнгийг эрхэмлэхээс гадна ногоон, ягаан, мөнгөлөг зэрэг тод өнгийн алхан, цэцгэн, навчин хээтэй чамин хоргой торгоны хээ тохируулан, биеийн галбир, царайны өнгө, морины зүсэндээ зохируулан урладаг. Мөн Халх эхнэр дээлний хийц загварт тогтсон зүйл байдаг. Тухайлбал: Энгэр, захны эмжээрийг өргөн, нарийн 2 өнгийн хоргойгоор, хормойны оноог үзүүр сөөм хэмжээтэй хийх, нударга хөх, цэнхэр өнгөтэй, гоёлын болон залуу эхнэрийн дээлний нударга цомбон, нас тогтсон эхнэрийн дээлний нударга дэлбэн гэх мэт. Мөн эхнэр дээлний гадуур ханцуйгүй, энгэр тууш задгай ууж өмсдөг. Ууж энгийн болон гоёлын байхаас гадна урт, богино хийцтэй байдаг. Богино уужийг “цээж ууж” гэдэг. Үүнээс гадна хангарьд шувууг бэлгэдсэн алт мөнгө, шүр сувдан чимэглэл бүхий  дэргэр үсний гэр зүүдэг байжээ.

Халх эрэгтэйчүүдийн дээл хувцсанд хөх цэнхэр, бор шарга, хүрэн бор, улаан хүрэн өнгө голллох бөгөөд эрэгтэй, эмэгтэй аль ч насны хүнд шар өнгийг сонгодоггүй /лам нарын хувцас өмсгөлийн өнгө тул/ байжээ. Эрэгтэйчүүдийн дээлний энгэр захны эмжээр дан, өргөн урт ханцуйтай, хормой дугуй хэлбэртэй урт байдаг. Улирлаас шалтгаалан дан давхар тэрлэг, хөвөнтэй, хурган, сэгсүүргэн, сармай, азарган нэхий, ангийн арьсан /элбэнх, хярс, чоно, аргал, зээр/ дээл өмсдөг. Мөн ажил үйлээс шалтгаалан оготор дээл /ан авлах, мал хариулах/, богино хормой, задгай энгэр, өргөн ханцуй бүхий хэвнэг /хүйтэнд мал хариулах, жин тээх/, хүрэм, хантааз, дах зэргийг өмсдөг.

Халх эрэгтэй хүүхдийн хувцас захгүй цамц, өмд, бариувч, бойтог зэргээс бүрдэх бөгөөд ихэвчлэн дөрвөөс доош насны хүүхдийн өмдний салтааг хагархай хийдэг. Мөн өлгийний бүс, бариувч, дээлний ар шилд дөрөв нугалсан захны ухлаадас, явуу, хөө хуяг, буу, есөн нүхтэй зоос, үен, гахайн соёо зэргийг хадаж зүүдэг нь гоёл төдий биш хий биет, хийсгэлэн дүртээс хамгаалах давхар бэлгэдлийн утга агуулдаг. Балчир охидын хувцас хөвгүүдийнхтэй ижил боловч цамц нь ууж хэлбэртэй, бариувчны хормой дэрвэгэр, өмд нь битүү, тод өнгөтэй байна. Хүүхдийн дээл хувцастай холбоотой Халх төдийгүй нийт Монголчуудад нийтлэг зүйл байдаг нь энхэр хүүхдийн хувцас урлах /буруу энгэртэй дээл өмсгөх, олон өнгийн торго даавууны өөдөс зүйж бариувч хийж өгөх гэх мэт/ болон хүүхдийн шинэ дээл хувцсыг мялаах юм. Хүү бол “гадаад хормойг нь ганзаганы сур чим”, охин бол “үйлэнд уран бол” гэхээс гадна ерөнхийд нь “эд нь хэврэг, эзэн нь мөнх оршиг” хэмээн ерөөдөг.

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу