МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

ХАЛХ УРТЫН ДУУ

ХАЛХ УРТЫН ДУУ

Монгол ардын уртын дуу бол Монгол үндэстний түүх, ахуй, амьдралын гүнээс урган гарч, Монгол нутгийн байгалийн үзэсгэлэн, Монгол хүний уужуу тайван сэтгэл, нүүдэлчдийн аж төрөх ёс, зан заншлаар улам боловсронгуй болсон, тавиун хөг аялгуу, эрхэмсэг намба, уран гоё нугалаа, баян чимэг бүхий шуранхай, хөг эгшгийн өвөрмөц онцлогтой ардын дууны урлагийн хосгүй уламжлалт сонгодог өв юм. Уртын дууг дуулах арга барил, дэг намба нутаг нутагт өвөрмөц онцлогтой. Уртын дууны дэг барил тухайн угсаатны өгүүлэхүйн эрхтний өвөрмөц бүтэц, байгаль, газар нутгийн онцлог, зан үйл, хэл аялгуу, соёл зэргээс гадна дэг сургууль, нийгэм түүхийн нөлөө зэрэг олон хүчин зүйлээс хамаардаг. Энэхүү дэг барилаас хамааран ерөнхийд нь Халх ба Баруун Монголын дэг барил гэж ангилдаг. Эдгээр нь цааш Төв Халхын аялгуу, Баруун аймгийн(зүг) аялгуу, Боржигон аялгуу, Баян бараатын аялгуу, Зүүн аймгийн аялгуу зэргээр хуваагддаг. Өнөөгийн Халхыг бүрдүүлэгч угсаатнуудын орон нутгийн шинжтэй дуунууд нь эрт цагаас улбаатай гэхээсээ илүү арай хожуу үед, тус тусдаа тэлэн нутаглаж, өнөөгийн тархуу байршлыг олсонтой холбоотой байж болох юм. Харин нийтлэг тархалттай байгаа, зан үйлийн дуунууд нь тэдний нэлээд эртний уялдаа холбоо, нэгдмэл чанарыг харуулахаас гадна, түүхийн явц дахь нүүдэл нутагшил, угсаа овгийн холилдлоос үүдэлтэй гэмээр байна. Халхчуудын хамгаас эрхэм, оюун санаа зан үйлд нь гүнзгий шинэгсэн уртын дуу бол “Хуур магнай” юм. Халхчууд “12 айзам, 13 айзам”, “32 шастир, 33 шастир” буюу “айзам”, “шастир” гэсэн хоёр төрлийн уртын дууг түгээмэл өвлөжээ. 12 болон 13-н айзам уртын дуу нь Монголчуудын бөөгийн шашны үзэл онол дахь орон зай-цаг хугацаа, тэнгэр тайлгын ёсны уриа дуудлага, шастир уртын дуу нь буддын шашны сүсэг бишрэл, сургаал бичиг зохиолоос үүдэлтэй гэж үзүүштэй аж. Халх угсаатны уртын дууг дуулах хүн заавал эзэмших ёстой тогтсон эрдэм чадвартай байдаг. Түүнийг нь тоочвол, ил амьсгаа авах, нууц амьсгаа авах, дан шуранхай, давхар шуранхай хийх, шуранхайг эгээх, шуранхайг шавхах, аялгууг давхиулах, дунируулах, огло харайлгах, өргөх, өнгө шүүрэх, хатгах, сүүдэрт зогсох, цөмрөх, төвөнхөөр цохих, амьсгалаар цохих, шигших, бөнжөгнүүлэх, тагнайг хүнхийлгэх, төвөнхөөр хугалах, нугалах, амьсгалаар хугалах, нугалах, аялгууг цэвэрхэн залгах, ханхар дуулах, хэнхэр дуулах, хэл хуйлах, дэвсэх, шүдээр хаших, амыг задгайлах, хумих, чээжний гүнд амьсгалах, өрц хэвлийн доод түвшинд амьсгалын хүчийг барих, ая эхлэх цохилт, ая төгсгөх ширгээлт гэх мэт олон чадварыг эзэмших шаардлагатай.

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу