МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

ХАЛХ АМАН АЯЛГУУ

ХАЛХ АМАН АЯЛГУУ

Монгол хэлний хамгийн том, нэгдмэл аялгуу болохын хувьд Халх аман аялгуу нь орчин цагийн бичиг зохиолын хэлний суурь, Монгол хэлний төв аялгуу юм. Эдүгээ Монгол Улсын хүн амын бараг 80-иад хувийг эзлэдэг Халхчууд нь бүх 21 аймаг, суманд амьдардаг. Тэр дундаа Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Өвөрхангай, Завхан, Дундговийн хүн амын бараг 100%-ийг Халхчууд бүрдүүлдэг. Нэрийн гарлын хувьд “хаах халхлах”, “халх бамбай” болох гэсэн үгнээс үүсэлтэй гэж үздэг. Халх аман аялгуу нь хоорондоо бага зэргийн ялгаатай салбар аман аялгуунуудад /А.Д.Руднеев, Б.Я.Владимирцов, Г.Д.Санжеев, Ш.Лувсанвандан, Э.Вандуй нарын эрдэмтэд ангилсан/ хуваагддаг бөгөөд бусад аман аялгуунаас ялгарах ерөнхий онцлогоос дурьдвал:  1-р үеэс хойш орсон богино эгшгүүд тодорхой, тод хэлэгддэг /шүүдэргэнэ, модорхог/, 1-р үеэс хойш “ж”, “ч”, “ш”-ийн дараа “и” бичих боловч өмнөх эгшигтэйгээ ижил дуудна /ажил-ажал, учир-учар, гажиг-гажаг, хачир-хачар/, үгийн эцсийн “эй”-г “ээ”-гээр /хэрэгтэй-хэрэгтээ/, эм үгний “э”, “и”-г тодорхой ялгадаггүй /илжиг-элжиг, бие-бэе/, үгийн эцсийн урт “ий” 1-р үеийн эгшигтэйгээ ижилсдэг /мэлхий-мэлхээ, шээзгий-шээзгээ/, зарим үгийн “уй”, “үй”-г “ий”-гээр /дугуй-дугий, муруй-мурий/, зарим үгийн “з”, “ц”-г “ж”, “ч”-ээр сольж хэлдэг /завших-жавших, цоож-чоож, цээж-чээж/, зарим үгэнд “т”-г “д”-гээр /ташуур-дашуур, тасалгаа-дасалгаа/, үгийн дунд “д”, “с”-ийн дараа “г”-гийн оронд “х” /бэлтгэл-бэлэдхэл, бататгал-батадхал, сэтгэл-сэтхэл/, үйл үгийн 1-р биеийн “мз” дагавар /очимз, хэлэмз, яримз/, дахин давтах “гч” дагаврыг “аа”, “ээ”, “оо”, “өө” нөхцөлтэй залгаж хүч бууруулах хэлбэрээр ашигладаг /хийгчээ л болох, явагчаа болох/. Мөн үгсийн сангийн хувьд ч бичиг зохиолын хэлэнд ороогүй /гэзэгт-эмэгтэй хүн, охин гэзэгт-эмэгтэй хүүхэд, гийдаа-гурилтай шөл, замбаа-арвайн гурил, тункуу-данх, төмпин-цар, хөр-хөрзөн, цөрөм-нунтаг ааруул гэх мэт/ өвөрмөц үгсүүд бий.

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу