МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

УУЛ ОВОО ТАХИХ МОНГОЛ ЗАН ҮЙЛ

УУЛ ОВОО ТАХИХ МОНГОЛ ЗАН ҮЙЛ

Уул хадтай газар чулуугаар, чулуу багатай газар элс шороогоор, модтой газар модоор овоо босгон тахидаг. Лус савдагийн эзэмшлийн уул ус, ан амьтан, ургамал, эрдэс баялагтай зүй бус харьцвал хилэгнэн догширч ган гачиг тохиолдож, мал сүрэг үхэж, өвчин зовлонд нэрвэгдэх явдал гардаг гэж ойлгодог учраас аль болохоор сүрлэг өндөр газруудаар овоо босгож, идээ цагааныхаа дээжийг тавьж мөргөдөг. Лус савдагийг баясган тахиваас тэдний ивээлд багтан буян хишгийг нь хүртэнэ гэсэн шүтлэг бишрэлийн үүднээс овоог тахиж ирсэн. Цагаан лустай уул овоог тахихдаа голдуу цагаан идээ, айраг таргаар тахидаг бол догшин буюу хар лустай уул овоог тахихдаа мах шүүс, архи сархадаар тахидаг. Овоог цусаар тахихдаа мал нядалж овооныхоо өмнө тавьж, шар тос, шинэ сүү, архи сархадаа овоо тойруулан байгаль дэлхийд өргөн цацаад бурхан сахиусандаа өөрийгөө даатган залбирдаг. Галаар тахихдаа овооныхоо өмнө түлээ овоолж гал ноцоогоод, өөрийн нэрээ айлтгаж, бүхэл махаа галд өргөдөг бөгөөд гал хэдийчинээ дүрэлзэнэ, төдийчинээ сайн байдаг. Учир нь Монголчууд галыг хамгийн ариун бөгөөд ад зэтгэрийг зайлуулдаг, хүч чадлын бэлгэ тэмдэг гэж үздэг. Он цаг наашлах тусам овоо тахихдаа наадам хийж, бөх барилдаж, сур харваж, морь уралдах болжээ. Уул овоог засаг төр, ихэс дээдсийн тогтоосон өдөр хоног буюу лусын буулттай өлзий хутаг бүрдсэн хавар намрын өдрүүдэд тахидаг ёстой.

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу