МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

УРИАНХАЙ ХУВЦАСНЫ УЛАМЖЛАЛТ УРЛАЛ

УРИАНХАЙ ХУВЦАСНЫ УЛАМЖЛАЛТ УРЛАЛ

Урианхайчуудын хувцас өмсгөл ерөнхийдөө Ойрадын бусад ястны хувцастай төстэй. Урианхай эрэгтэйчүүд зун, намрын улиралд 2 ташаандаа оноо гаргаж дээд талд нь угалз /гулз/ хадсан,  дээлнийхээ өнгөнөөс өөр өнгийн эргүүлдэг, өргөн зах бүхий лавшиг /тэрлэг/, урт ханцуйтай, эргүүлдэг захтай богино кийлэн /цамц/, шалбуур өмд өмсдөг. Харин өвлийн улиралд “цагаан дэвэл” буюу “өвлийн дэвэл”, “үч” /хонь, аргал, янгир, булга, шилүүс, тарваганы арьсаар доторлож өнгө татсан/ өмсдөг байжээ. Цагаан дэвэл нь 2 ташаандаа том угалз бүхий оноотой, энгэр хормойг нь дөрвөн хуруу өргөн хар эдээр /хар хурганы арьс, даавуу/ эмждэг буюу хөвөөлж хийдэг. Дүн өвлөөр цагаан дээлэн дээрээ давхарлан босоо захтай, задгай энгэртэй дах, ямаа, янгирын арьсаар хийсэн “илгэн заргаг” буюу хүрэм өмсдөг байна. Мөн өвлийн улиралд улаан жинс, жинсний доод талд 3 хошуутай “давжид”, 2 улаан залаа бүхий лоовууз, юүдэн /хурга, үнэг, хярсны арьсан дотортой малгай\, дулааны улиралд тоорцог өмсдөг.

Урианхай эхнэр хүний тэрлэгний ханцуй нь суга, бугуйгаараа нарийн, голоороо хүлхгэр өргөн, “нудрам” буюу нудрага нь хурц өнцөгтэй гурвалжин хэлбэртэй байдаг. Тэрлэгний гадуур цэгдэг өмсөх бөгөөд энэхүү цэгдэг нь 2 ташаандаа төө хэртэй, ар голдоо цээж хүрсэн “ар ташаа” гэгддэг оноотой, баруун, зүүн суганд нь “зүүвч”, “бэл” зүүдэг. Зүүвч гэдэг нь дөрвөлжин хэлбэртэй торгомсог даавууг хээ угалзаар чимж, улаан, хөх, ногоон өнгийн торгон алчуур зүүдэг. Урианхайчууд голчлон “мааг госон”, “тооку госон”  хэмээх гутал өмсдөг байна. Тооку госон нь ерөнхийдөө Торгууд тоокуутай төстэй. Мааг госон нь Халх, Буриад гуталтай төстэй боловч уллахдаа үхрийн зузаан ширийг зүсч нэг талд нь эсгий барьж оёод түрийтэй нь залган гадна талаас нь оёдог. Эсгий оймсгүй харин дотор талд нь зузаан эсгий барьж оёдог байна.

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу