МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

УЛАМЖЛАЛТ ИСГЭРЭХ УРЛАГ

УЛАМЖЛАЛТ ИСГЭРЭХ УРЛАГ

Исгэрэхэд хүний шүд, уруул ая эгшиг үүсгэх хөгжмийн зэмсгийн, амны хөндий нь хөгжмийн цуурайн хайрцаг буюу царын үүрэг гүйцэтгэдэг. Монгол хүн зун, намрын цэлмэг, нарлаг халуун өдөр мал сүргээ хариулж, ажил үйлээ амжуулж байхдаа уяхан яруу ая, урт, богинын дууг сэтгэлээ тэнийтэл исгэрч, ид хаваа гайхуулдаг уран сайхан эрдэмтэй. Монголчууд исгэрэхийг эрт дээр үеэс салхины уриа хэмээн үзэж, бүгчим халуун өдөр сэвшээ салхи хүсэмжлэхдээ, мөн тариа цайруулах, хивгийг нь хийсгэх үед салхи буюу салхины эзнийг урин дуудсан бэлгэдлээр исгэрдэг. Морь мал услахдаа исгэрдэг нь усаа тайван тавтай уугаарай гэж хүндэтгэн тайвшруулах санаа юм. Ноос савах, эсгий хийхэд салхи гарваас хийсгэх аюултай тул исгэрдэггүй, өвөл, хавар, шөнийн цагаар болон гэр орондоо исгэрэхийг цээрлэдэг. Монголчууд исгэрээг нэгд, шүдний исгэрээ, хоёрт, уруулын исгэрээ, гуравт, тагнайн исгэрээ гэж гурав ангилан ялгадаг бөгөөд тэр гурван зүйлийн исгэрэх аргыг бүгдийг нь эзэмшсэн хүнийг “ёстой сайн исгэрдэг хүн” хэмээн тооцдог, тийм хүн төдий л элбэг байдаггүй байсан нь уг урлагийн эрдмийн чанар шинжийг илтгэж байгаа хэрэг.

Шүдний исгэрээ гэдэг нь үүдэн шүдний завсраар хий түрэн үлээж авиа гаргахыг хэлнэ. Мэдээж үүнд уруул зөвхөн аяны нугалаан дээр хамхисхийж оролцох ялимгүй үүрэгтэй байдаг.

Уруулын исгэрээ гэдэг бол хоёр уруулаа үл мэдэг цорвойлгон завсараар нь хий түрэн үлээж авиа үүсгэхийн нэр бөгөөд аяны нугалаан дээр мөн л хэлнийхээ дунд хэсгийг түүш рүүгээ шахасхийн товшилдог. Тагнайн исгэрээ гэдэг бол хэлнийхээ үзүүр этгээдийг хатуу тагнай өөдөө эргүүлэн завсраар нь хий түрэн авиа үүсгэхийн нэр билээ. Энэ төрлийн исгэрээ тийм элбэг биш.

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу