МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

ТӨӨНҮҮР ХИЙХ АРГА УХААН

ТӨӨНҮҮР ХИЙХ АРГА УХААН

Орчин үеийн Европ эмнэлэг хөгжөөгүй байсан тэр цагт сайн маарамба /эм тан хийдэг, судас барьдаг, зүү төөнүүр тавьдаг зэрэг нэг ёсондоо эмч ламыг маарамба гэнэ/ алтан болон мөнгөн зүү ашиглан нүдний цайсан болрыг хатгаж арагш нь унагаагаад хараа оруулдаг байжээ. Энэ аргыг Европын анагаах ухаанд ч саяхан болтол хэрэглэдэг байв. Ингэхдээ тусгай зориулалтын зүүний үзүүр хэсгийг хөлдөөгөөд цайсан болорт нааж татаж аваад дараа нь харааны шил тааруулан зохицуулдаг ерөнхий зарчимтай. Энэ мэтчилэн зүү төөнүүр анагаах ухаанд өргөн хэрэглэгдсээр ирсэн ба одоо улам нарийсан төрөлжсөн байдлаар хэрэглэгдэж буй.

Төөнүүрийн үйлчлэх зарчим зүүтэй үндсэндээ төсөөтэй. Гэхдээ төөнүүр хийхдээ зориулалтын өвс ургамал, эм зэргийг тусгай жороор найруулан байж бэлтгэдэг. Зүү төөнүүр хийлгэж буй хүн гам сайн барих учиртай. Учир нь хүний арьсны бүх нүх сүв нээгддэг учир халдвар авах магадлалтай гэдэг болоод тэр юм.

Төөнүүр засал хийхэд уул өвсийг боловсруулж хэрэглэдэг. Уул өвс байхгүй тохиолдолд сүйх өвсийг орлуулж хэрэглэж болно. Уул өвсийг намрын гурван сард түүж хэрэглэвэл сайн байдаг. Навчийг нь тасдалгүй сайтар хатааж цэвэрлэж хөх цай болон хужиртай хольж өргөсийг нь авч хольж хэрэглэнэ.

Төөнөх өвчнүүд: Төөнөх засал хийхэд тохирох өвчнүүд нь хоол боловсруулалт муудсан, усан болон цайвар хаван, шар усан өвчин, халуун солио, мартамхай өвчин, шинэ хуучин яр буюу хавдар, эмэгтэйчүүдийн өвчин, судлын өвчин, халууны сүүлийн үед төөнүүр заслыг хийдэг. Ерөнхийд нь хэлэхэд бадгана хийнээс болсон хүйтэн өвчин, ялангуяа судлын өвчин болон шар усны өвчинд төөнөх засал сайн тохирдог.

Цээрлэх өвчнүүд: Төөнөх засал хийхэд голдуу шарын халуун, цусны өвчин болон эрхтнүүдийн үүд болсон нүд, чих, хамар, эрэгтэй эмэгтэй хүний бэлгийн өвчний үед төөнүүр заслыг хориглодог. Бэлгийн зүүн талын судлыг үрийн судал гэдэг бөгөөд төөнөхийг цээрлэдэг. Бас бэлгийн үсний дээд зах дахь улаан судлыг төөнөвөл бэлэг нь сулрах тул төөнөхийг цээрлэдэг.

Төөнөх бэлчир: Төөнөх бэлчирт өвчнөөр нь эрэх бэлчир (тогтмол бус бэлчир) ба эмчийн эрэх бэлчир (тогтмол бэлчир) гэж хоёр хуваана.

Өвчнөөр нь эрэх бэлчир: Тухайн хэсэгт нь хуруугаар дарахад өвчтөнд тааламжтай шиг санагдах буюу хурууны ором гарах, эсвэл судал нь чинэрэх, судлын өвчин оршиж байгаа орон нь төөнөх бэлчир юм. 

Эмчийн эрэх бэлчир: Энэ нь өвчтөний биеийн эл хэсэг дэх тусгай бэлчрүүд юм. Үүнд цул сав болон эрхтнүүдийн бодит орноор ялгасан тогтмол бэлчрүүд юм. Дараах бэлчрүүд байдаг: Ар талд төөнөх бэлчир 20, өвөр тал дахь төөнөх бэлчир 22, толгой болон гишүүний хэсгийн төөнөх бэлчир 29, нийлээд 71 бэлчир байдаг. Төөнүүрийн нэг үзүүрийг ноцоож бэлчир дэхь арьснаас нэг ямхын зайтай арьс нь улайгаад чимчигнэж халтал нь төөнөнө. Нэг бэлчирт 10-15 минут төөнөнө.

Зүүлж төөнөх арга буюу халуун зүү: Зүү хатгаад зүүнийхээ бариулны үзүүрт төөнүүрийн жижиг хэсгийг нүхлэж зүүний бариулд нь углаад ноцоовол халууны илч нь дамжиж дотогш нэвтэрнэ. Төөнөх заслыг ёсчлон хийвэл судлын бууруулах чухал боомтыг ханах, өвчний хатгалга ба эвэршшээлийг даруйд нь зогсоох, тархмал хий өвчнийг дарах, эс шингээсийг шингээх, аюулхайн бэтгийг эвдэх, чихаа буюу ярны урхагийг таслах, хавдрыг хариулах, шар усыг татах, хатаах боох үйлдэлтэй. Ялангуяа цул савны үүдийг хамгаалах, галын илчийг дээшлүүлэх, дурьдалыг тодруулах бөгөөд бусад заслаар засаад засал үл авсан өвчнүүдийн олонхыг төөнөх заслаар анагааж болох юм.

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу