МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

ТӨЛ АВАХУУЛАХ АЯ ДУУДЛАГА, ЗАН ҮЙЛ

ТӨЛ АВАХУУЛАХ АЯ ДУУДЛАГА, ЗАН ҮЙЛ

Төл авахуулах гэдэг нь төлөө голсон эх малд төлийг нь авахуулах, өнчирсөн төлийг өөр эхэд дасгаж авхуулах, төл нь эндсэн малын сүү саалийг ашиглах зэргээр өөр эхийн төлийг авахуулахад эх малыг дуу, хөгжмийн ая эгшгээр аргадан ээнэгшүүлэх, хүнээс малтайгаа харилцах сэтгэлзүйн харилцааны өвөрмөц хэлбэрийг илэрхийлсэн онцлог зан үйл болно. Малын төлийг өнчрөх, гологдоход эх малд авахуулахаар тусгай зан үйл үйлдэж аялгуу үг хэлдэг. Таван хошуу мал сүргийн ааш зан, шинж төрх, дуугарах авианы онцлогийг он удаан жилээр ажиглан шинжиж, хонь ямаа майлахыг дууриалган түшгэрэх, уянгын аялгуугаар тойглох, зузуулах, хонь ямаа хураах, ялгахад гүүргийлэх, хоолбойлох, тэмээний буйлахыг дууриалган хөөслөх, тоорлох, адууг гурийлах, үхрийг өөвлөх, сарлагийг хөөрлөх, сугайлах зэрэг хэллэг, аялгууг бий болгосон байна. Хавар мал төллөх үед зарим эх мал төлөө голон хөхүүлэхгүй байх, эсвэл төл нь үхсэн буюу гологдсон малын хөх дэлэн чинэх явдал тохиолддог. Иймд төлийг өөр эхэд дасгаж авахуулах хэрэгтэй болдог. Ингэхдээ малчин хүн эх малыг шившин үглэж аргадах, төлөө голохыг нь болиулах, эсвэл өөр малын төлийг дасгах арга хэрэглэдэг. Эх малыг тухайлсан үгээр уяруулахын тулд гол төлөв аялгуутай богинохон шүлэг хэрэглэдэг бөгөөд уг аялгуу нь өвөрмөц сонин нэгэн жигд, эелдэг уяхан байдаг ажээ. Эх малд төл авахуулах зан үйл ингэ, гүү хоёрын хувьд нарийн төвөгтэй бөгөөд зарим үед дуу хөгжмийн аялгуу сонсгох, тусгай мэргэшсэн хүн урих явдал ч гардаг.

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу