МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

ТОРГУУД ХУВЦАСНЫ УЛАМЖЛАЛТ УРЛАЛ

ТОРГУУД ХУВЦАСНЫ УЛАМЖЛАЛТ УРЛАЛ

Торгууд ардын  ”Тоокуу нэгэн госон” дуунд:

Тоокуу нэгэн госон

Тов хийгээд байнаа

Торгууд нэгэн сэвгэр

Толхай докиод байнаа

гэдэгчлэн Торгуудын хувцас өмсгөлийн дотроос “тоокуу гутал” бусад Монгол ястнаас тэднийг ялгадаг. Тоокууг хийхдээ сүлжсэн дэрсэн дээр ахрын ноосыг дэлгэсэн оймс хэлбэртэй зулж тавиад  голд нь усалж, олон удаа тохойлдон дарж, хатуурсны дараа 2 талыг нийлүүлэн халуун усаар шүршиж, дэрсээ хуйлж өнхрүүлэн “дугтуйлан” дардаг. Хэлбүүр модоор сайн сунгаж тэлээд эргүүлэн хатахаас нь өмнө үхрийн зузаан шир углан цоолж сураар үддэг. Тоокуу гутал Монгол гутлын нэгэн адил баруун зүүн, эр эмийн ялгалгүй байдаг.

Торгууд эрчүүд суга, ханцуй уужим, хормой урт “дэвэл” буюу дээл, “учи” буюу үстэй дээл өмсөх бөгөөд хүйтэнд ханцуйны дотор “дугтуй” хэмээх ханцуйвч хийдэг. Оройдоо сампин зангидсан, бүсэлхий хүртэл унжсан өргөн “живэр” буюу залаатай, духны хэсэгт хөмсгөвч, эрүүвч бүхий туувь малгай өмсдөг. Дулааны улиралд даавуун өмд, “кийлэн” буюу цамц, “лавшиг” буюу тэрлэг өмсөнө. Торгууд эхнэр тэрлэгний гадуур “нохойн араа” хээ хатгаж оёсон цагаан даавуун зах, эрээн хоргой торгоор өргөн эмжсэн дэрвэгэр мөртэй  урт “цэгдэг” буюу “цээжмэг” өмсөнө. Дулааны улиралд 6-8 талтай даавуун тоорцог, өвлийн хүйтэнд чихтэй тоорцог өмсөх бөгөөд тоорцогоо сар, бадамлянхуа цэцгийг саатай утсаар хатгаж гоёно. Торгууд хүүхдийн хувцас өмсгөл дотор тухайлбал Халхчуудаас ялгарах нэгэн зүйл байдаг нь “хэвнэг” хэмээх хувцас юм. Туранхай хонийг ноостой нь зусуулахад ноос нь хөндийрөн бороонд дагтаршин эсгий шиг болдог. Үүнийг бүтнээр нь аваад угааж, чанаж зөөлрүүлэн “баринаа” буюу баривч хийнэ. Ийм баривч дулаанаас гадна галын дэргэд хүүхэд байхад оч үсэрсэн ч түлэгддэггүй байна.

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу