МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

ТАН БЭЛДЭХ АРГА УХААН

ТАН БЭЛДЭХ АРГА УХААН

Уламжлалт анагаах ухаанд тан, талх, үрэл, зуурмал, тосон эм гэх мэт олон төрлийн эмийн хэлбэрүүд бий. Эдгээрээс тан эмийг түргэн явцтай, хурц хэлбэрийн өвчний үед хэрэглэхэд илүү тохиромжтой бөгөөд өвчнийг боловсруулж, хурааж, амирлуулах үйлдэлтэй гэж үздэг. Өвчний хэлбэр, явцаас хамааран маш олон төрлийн тан эмийг хэрэглэх боловч тэдгээрийг дотор нь дан болон давхар найрлагат тан гэж ерөнхийд нь хувааж болно. Дан найрлагат танг тухайлсан нэг өвчинд, олон найрлагат танг хий, шар, бадганы гэм хавсарсан, хурсан өвчний үед хэрэглэх нь илүү үр дүнтэй. Тан эм нь бусдаасаа илүү бүдүүн ширхэгтэй, буцалгаж уухад зориулагдсан байх бөгөөд нүдсэн эмийн түүхий эдүүдийг тусгай жорын дагуу найруулан бэлтгэдэг уламжлалт эм юм. Танг усанд, сүүнд, архинд зэрэг олон төрлөөр буцалгаж хэрэглэх боловч ихэвчлэн усанд буцалгана. Буцалгахдаа нийт усны 2/3-ийг ширгээж үлдсэн 1/3-ийн шүүсийг өвчний махбодоос хамааран бүлээнээр нь, эсвэл хөргөж ууна. Шүүсийг уусны дараа тангийн шаарыг цэвэрхэн газар өргөдөг. Учир нь уламжлалт эмүүдийг тусгай эмийн аравнай өргөж адислан эмийн хүчийг нэмж, ариусгадаг. Мөн эмийн цаасыг Оточ Манла бурхны олбог хэмээн үздэг тул энд тэнд хаяхыг цээрлэн галд өргөдөг. Эмийг өглөө, өдөр, орой, унтахын өмнө, идээний хойно, өмнө, завсар зэрэг цагийг тохируулан өгдөг. Энэ нь тухайн хүний биеийн онцлог, ходоодны галын илч, өвчний махбод, явц зэрэгтэй уялдуулж байгаа учир эмчийн зааврын дагуу тухайн цагт нь эмийг хэрэглэх нь эмчилгээний үр дүнд сайнаар нөлөөлнө.

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу