МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

ОЙРАД УРТЫН ДУУ

ОЙРАД УРТЫН ДУУ

Ойрад, Монголын олон удмынхны уртын дуунд адил төстэй боловч ялгаатай хэд хэдэн шинж мэдэгдэж байна. Ялангуяа, уртын дууны сэдэв, агуулга, үзэл санаа хийгээд зарим зан үйл, бэлгэдэл, цээрийн ёс нь төстэй юм. Уртын дууны аялга, авиажуулга-эгшиг томолт, дуулах ур дүй, дэг-арга барилд багагүй ялгаа бий. Дөрвөд уртын дуу Монгол уртын дууны хөгжлийн нэн эртний хэлбэр, үүргийг хадгалж үлдсэн ховор төрх бөгөөд залгамж чанар нь алдагдах эрсдэлтэй яаралтай хамгаалах өвлүүлэх төрөл ажээ. Дууны хэлбэр нь бэсрэг шинж зонхилох бөгөөд аялгуу нь үргэлжилсэн цулгай бүтэцтэй, дуучдынх нь эрдэм чадал Халхынхтай харьцуулбал дутмаг юм. Баруун аймгийн аялгуу бол Боржигон шиг чимэглэл их хийдэггүй, Төв Халхын аялгуу шиг сунагар биш, шулуун, холын үсрэлттэй, өгсөх нь нилээд огцом, шуранхайгүй, цараа багавтар, дууны төгсгөлд хаялга, цацлагатай байдаг ба нийтээрээ дуулах нь их гэж судлаачид тодорхойлжээ. Монгол уртын дууны энэ бүлэгт хуучин Дөрвөд далай хан орчмын нутаг дэвсгэрт буюу Монгол Алтайн нуруу, Их нууруудын хотгорын ай сав, нутаг бэлчээрээр сэлгэн нутагладаг Баяд, Дөрвөд, Захчин, Урианхай, Өөлд, Торгууд, Мянгад, Хотон нарын айзам, шасдир уртын дууны өв багтана. Энэ нь Ойрад Монгол уртын дууны бүлгийн үндсэн хэсэг юм. Үүний дээр нэмээд БНХАУ-ын Ховог сайр, Бор талын Торгууд, Хөх нуурын хошууд, ОХУ-ын Ижил мөрний Халимаг нарт Ойрад уртын дуу хэсэг бөлгөөр уламжлагджээ. Бас Өвөр Монголын Алшаа аймгийн Торгууд, Хошууд нарт ч Ойрад уртын дууны өв хадгалагдаж байна. Ойрадууд уртын дуугаа бусад Монголчуудын нэгэн адил айдам(айзам), шасдир гэж үндсэн хоёр төрөлд хуваан авч үздэг уламжлалтай. Айдам уртын дууны төрөлд “13 шарга”, “13 хээр”, “13 бор” г.м Өвөг Монголчуудын бөө мөргөлийн үзэл онол, байгаль шүтлэгийн бэлгэдлийг хадгалсан урын сан зонхилно. Шасдир уртын дууны төрөлд буддын шашны гүн ухаан, сургааль, бишрэл, ая дангийн аялга дуудлага хадгалагджээ. Ойрад Монголчууд шасдир уртын дуу дуулдаг дуучнаа “Хурлаа дуучин” гэж нэрлэдэг уламжлалтай.  Ойрад уртын дууны бүлэг дэх Дөрвөд уртын дуу дотор Монголчуудын тэнгэр шүтлэгтэй холбоотой “Задын дуу” хэмээх төрөл хадгалагдаж байна. Энэ төрөл Халх уртын дууны бүлэг дотор ч түгээмэл уламжлагдсан нь мэдэгддэг. Ойрад Монголчууд энэ төрлийн дууг шууд “Задын дуу” гэж нэрлэж байхад халхчууд “Хурын дуу”, “Лусын дуу”, “Салхины дуу” гэж нэрлэдэг билээ. Дөрвөдүүд задын дуунд “Иш гарьдын хур” дууг тооцож байхад, Халхчууд хур, лус, салхины дуундаа “Уяхан замбуу тивийн нар”, “Хүдрэн гарах үүл”, “Сэнсийн цагаан үүл”, “Өргөн үүл”, “Өндөр сайхан бор”, “Тэнгэрийн агаар”, “Хуур магнай” зэрэг цөөнгүй дууг нэрлэн хадгалж байна. Ойрад Монгол бүлгийн уртын дууны аялгуу, дуулах дэг барил, арга техникийн хамгийн боловсронгуй хэмжээнд хүрсэн нь Өөлд, Мянгад хоёр юм. Үүний дараа Торгууд доторхи Хошууд овгийн айдам дуу, Захчин, Баяд нарын айдам дуу чамгүй хөгжин боловсорсон болох нь мэдэгддэг. Ойрад чигийн уртын дууны зарим хэсэг нь Халх уртын дууны нөлөөг тусгажээ. Тухайлбал, зан үйлийн уртын дууны төрөл дотор нь түрлэгийн соёл өргөн уламжлагдсан байна. Харин маш эртний чонын улилдаан, бугын урамдаан г.м байгалийг даган дуурайсан уриа дуудлагаа илүүтэй хадгалж үлдсэн нь Дөрвөд, Урианхай нарын зан үйлийн уртын дуу билээ. Тиймээс Дөрвөд нарт задын дуу байдаг бол Урианхай нарт цагаан мод хаях буюу бух догиох ёсонд дуулдаг “Нарийн саарал морь” гэдэг уртын дуу хүртэл байдаг. Мөн Ойрад Монгол уртын дууны бүлэг дотор дээрх мэт өвөрмөц төрлүүд хадгалагдсанаас гадна уртын дууны үүсэл, хөгжилтэй холбоотой аман бэсрэг домгууд үлджээ.

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу