МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛИЙГ БАЙГАЛИЙН ҮЗЭСГЭЛЭНТ “ТАЙЖ ХАЙРХАН”-Ы ӨВӨРТ ЗОХИОН БАЙГУУЛНА

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛИЙГ БАЙГАЛИЙН ҮЗЭСГЭЛЭНТ “ТАЙЖ ХАЙРХАН”-Ы ӨВӨРТ ЗОХИОН БАЙГУУЛНА

Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 183 дугаар тогтоолын дагуу “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийг энэ сарын 18-20-ны өдрүүдэд Улаанбаатар хотын Налайх дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэрт орших “Тайж хайрхан”-ны өвөр байгалийн үзэсгэлэнт газар зохион байгуулах гэж байна.

“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод “Үндэсний оюун санаа, өв соёл, сэтгэлгээнд тулгуурласан бүтээгч монгол хүн төвтэй нүүдлийн соёл иргэншлийг хадгалсан тэргүүлэх улс болно”, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Соёлын өвийг дэлхий дахинд сурталчлах чиглэлээр олон улсын арга хэмжээг зохион байгуулна”, “Байгаль, түүх, соёлын аялал жуулчлалын эвент арга хэмжээнүүдийг тогтмол зохион байгуулж, цар хүрээг өргөжүүлнэ” гэж тус тус заасан байдаг.

Нүүдлийн соёлын хосгүй илэрхийлэл болсон соёлын биет болон биет бус өв нь хүн төрөлхтний түүхийн уртад Монголчуудын соёлын дахин давтагдашгүй байдал, байгаль, цаг уур, газарзүйн онцлогтой уялдан үеэс үед өвлөн уламжлагдаж хөгжил дэвшлийн нэгэн илэрхийлэл болсоор байна. Гэсэн хэдий ч соёлын биет бус өвийг хадгалж хамгаалах асуудал хүн төрөлхтний өмнө нэн тулгамдсан зорилтын нэг болж, дэлхий нийтийн анхаарлын төвд ороод байна.

Манай улс Соёлын биет бус өвийг хамгаалах тухай ЮНЕСКО-ийн 2003 оны конвенцид 2005 онд нэгдсэн бөгөөд өөрийн нутаг дэвсгэр дээрх соёлын биет бус өвийг хамгаалах үүргийг олон улсын өмнө хүлээдэг билээ.

Мөн соёлын биет бус өвийг хадгалж хамгаалах, түүнийг өвлөн уламжлагчийг тодруулах, алдаршуулах, авьяас билгийг хөгжүүлэх, олон нийтэд сурталчлан, түгээн дэлгэрүүлэх зорилгоор гурван жил тутам улсын хэмжээнд соёлын биет бус өвийн их наадмыг зохион байгуулж байхаар “Соёлын өвийг хамгаалах тухай хууль”-д заажээ.

Ийнхүү олон улсын өмнө хүлээсэн чиг үүрэг, соёлын салбарын хөгжлийн бодлогод туссан зорилт арга хэмжээ, хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор 2018 онд “Нүүдэлчин Монгол-2018” соёлын биет бус өвийн их наадмыг Улаанбаатар хотын Хүй долоон худагт соёлын биет бус өвийн 5 ай савын хүрээнд 27 засаг захиргааны нэгжийн 2697 өвлөн уламжлагчийг хамруулан анх удаа зохион байгуулсан бол 2022 онд “Нүүдэлчин” соёлын биет бус өвийн их наадмыг 7 ай савын 362 өвийн төрөл зүйлийн хүрээнд аймаг, нийслэлийн 23 угсаатан 1283 өвлөн уламжлагч, иргэдийг хамруулан Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт амжилттай зохион байгуулсан билээ.

Харин энэ удаа Монгол Улсын Засгийн газраас 2023-2024 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан энэхүү наадмыг олон улсын шинж чанартайгаар зохион байгуулж байгаа бөгөөд энэхүү фестиваль нь Монгол Улсыг зорин ирэх жуулчдын урсгалыг жилээс жилд нэмэгдүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулна гэж зохион байгуулагчид үзэж байна.

“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивальд нүүдлийн ахуйн уламжлал соёлтой улс орнуудыг урьж оролцуулснаар Монгол Улсыг хөгжүүлэх урт, дунд, богино хугацааны бодлогод туссан зорилт, арга хэмжээний хэрэгжилтийг хангаж, Монгол орны болон нүүдлийн ахуй, соёлын онцлогийг дэлхий дахинд эергээр сурталчлан таниулах өвөрмөц өнгө төрх, хэлбэр агуулга бүхий олон улсад өрсөлдөхүйц соёлын арга хэмжээ бий болох зорилт тавиад байна.

Мөн хүн байгаль хоорондын харилцан шүтэлцээнээс бүрэлдэн тогтсон нүүдлийн ахуй амьдралын хэв маяг, түүнийг даган бий болсон соёлын биет бус өвийг дэлхий дахинд таниулах, түгээн дэлгэрүүлэх, сонирхогч талуудын хүрээг өргөжүүлэх, нүүдлийн соёл иргэншил бүхий орнуудын соёлын хамтын ажиллагааг хөгжүүлэх, соёл хоорондын харилцан ойлголцлыг нэмэгдүүлэх, нүүдлийн соёл, соёлын өвийн өвөрмөц байдлыг сурталчлах, соёлын бүтээлч үйлдвэрлэл, соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Энэ удаагийн “Нүүдэлчин” фестивалийн хүрээнд Монгол Улсын төлөөллийн болон Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн 7 ай савын 362 төрөл зүйлийг 21 аймаг, нийслэлийн шилдэг өвлөн уламжлагчдын зан үйл, ахуй байдал, язгуур урлагийн тоглолт, гар урлалын үзэсгэлэн, соёлын биет бус өвийг таниулан сурталчлахаас гадна уламжлалт уралдаан, тэмцээн, спортын үзүүлбэр, соёлын бүтээлч үйлдвэрлэл, уламжлалт хоол хүнсний үзэсгэлэн худалдаа зэрэг олон талт арга хэмжээг зохион байгуулна.

Фестивалийн зохион байгуулалтад 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн өвлөн уламжлагчдын отгоос гадна ахуй соёл нэгтэй ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улс, Бүгд Найрамдах Халимаг Улс, БНХАУ-ын ӨМӨЗО-ны төлөөлөгчид болон ОХУ-ын Якут Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс, Бүгд Найрамдах Киргиз Улс, Бүгд Найрамдах Турк Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс, Унгар Улс зэрэг 10 гаруй улс орны төлөөлөгчид болон дипломат төлөөлөгчийн газрууд, ЮНЕСКО-ийн олон улсын байгууллагуудын төлөөлөл оролцож байна.

ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ СОЁЛ, УРЛАГИЙН ГАЗАР

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу