МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬД ӨВӨРХАНГАЙ АЙМГААС ОРОЛЦОХ БҮРЭЛДЭХҮҮН

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬД ӨВӨРХАНГАЙ АЙМГААС ОРОЛЦОХ БҮРЭЛДЭХҮҮН

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивальд Өвөрхангай аймгийн 7 сумын 40 хүн оролцоно. Үүнээс мэргэжлийн урлагийн байгууллага буюу Хөгжимт жүжгийн театраас 13 уран бүтээлч, ардын авьяастан 8, өвлөн уламжлагч 4, зохион байгуулагч 2, бусад төрлөөр 13  хүн оролцоно.  Өвийн төрлийн хувьд Эх хэл аман уламжлалын ай савд 1, Ардын Язгуур урлагийн ай савд 22, Байгалийн болон сав шим ертөнцийн ай савд 1, Уламжлалт баяр наадам, зан үйл, ёс, тоглоом наадгай, уриа дуудлага ай савд 1, Уламжлалт арга ухаан ай савд 2, Мал маллах арга ухаан ай савд 1, Уламжлалт гар урлал ай савд 10 хүн зэрэг нийт 7 ай савын өвийн төрөлд 22-оос 79 насны өвлөн уламжлагчид хүрэлцэн ирнэ.                

Оролцож буй өвлөн уламжлагчдаас дурьдвал:

  1. Д.Гүндэгмаа – 66 настай, эмэгтэй. Гүүний айраг исгэх уламжлалт арга технологийг 60 жил сурталчлан таниулж буй 4 дэхь өвлөн уламжлагч, 20 шавьтай.
  2. А.Лундаажанцан – 55 настай, эрэгтэй. Ерөөл магтаалыг 40 жил сурталчлан таниулж буй 3 дахь үеийн өвлөн уламжлагч, 100 орчим шавьтай.
  3. М.Дүгэрсүрэн – 47 настай, эрэгтэй. Ардын болон уртын дууг 32 жил сурталчлан таниулж буй 3 дахь үеийн өвлөн уламжлагч, 800 орчим шавьтай.
  4. Г.Өнөболд – 28 настай, эрэгтэй. Ерөөл магтаалыг 14 жил сурталчлан таниулж буй 3 дахь үеийн өвлөн уламжлагч, 150 орчим шавьтай.

Өвөрхангай аймгаас онцолж буй өвлөн уламжлагч

Дашзэвэгийн Гүндэгмаа

         Өвөрхангай аймгийн өвлөн уламжлагч Дашзэвэгийн Гүндэгмаа нь 1957 оны 3 сарын 13-нд төрсөн, 66 настай бөгөөд гүүний айраг исгэх уламжлалт арга технологийг өвөг эцэг, өвөө, ааваасаа уламжилж яваа 4 дэх үеийн уламжлагч юм. Д.Гүндэгмаа нь 60 жилийн турш айраг исгэх уламжлалыг өвлөх хугацаандаа 20 шавь бэлтгэж өвлүүлэн уламжлуулсан билээ.

          Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 354 дүгээр тогтоолоор батлагдсан “Соёлын биет бус өвийг үндэсний болон дэлхийн хэмжээнд сурталчлан алдаршуулах, түгээн дэлгэрүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсан өвлөн уламжлагчийг жил бүр шалгаруулдаг бөгөөд 2021 оны шилдэг өвлөн уламжлагчаар Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын харьяат, хөхүүр урлаач, “Гүүний айраг исгэх уламжлалт арга технологи” өвийг өвлөн уламжлагч Д.Гүндэгмаа шалгарч байжээ. 

         2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр ЮНЕСКО-ийн Соёлын Биет Бус Өвийг Хамгаалах Конвенцийн Засгийн газар хоорондын хорооны 14 дүгээр хурлаар “Хөхүүрийн айраг исгэх уламжлал, холбогдох зан үйл” өвийг ЮНЕСКО-ийн Хүн төрөлхтөний соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгэхэд өвлөн уламжлагч Д.Гүндэгмаа нь тодорхой хувь нэмэр оруулж биет бус өвийг дэлхий дахинд сурталчилсан билээ. Д.Гүндэгмаа нь айраг исгэх уламжлалт технологийг үндэсний болон, олон улсын түвшинд сурталчлахаас гадна биет бус өвийн ай болох гар урлал, монгол үндэсний уламжлалт арга ухаануудыг өндөр түвшинд эзэмсэн Монгол Улсын Үндсэн хуульд заасан иргэний журамт үүргээ нэр төртэй биелүүлж яваа үлгэр жишээч иргэн юм. Монголын биет бус өвийн айд багтах “Мал маллах арга ухаан”-ыг нутаг орон, үндэсний түвшинд сурталчлан олон нийтэд зөв үлгэр дуурайлал үзүүлж яваа “Өвөрхангай аймгийн сайн малчин” гэр бүл. Тэрээр айраг исгэх уламжлалт технологийг өндөр түвшинд эзэмшин өөрийн үр хүүхэд, төрөл садан, орон нутгийнхаа иргэдэд өвлүүлэн уламжлуулж зааж сургахаас гадна аймгийн хэмжээнд зохион байгуулагдсан “Соёлын өв хөгжлийн дархлаа” форумд илтгэл тавьж хэлэлцүүлэн, соёлын өвийг уламжлуулан түгээн дэлгэрүүлэх “ Соёлын өв Хөгжлийн дархлаа” шавь сургалтыг хөгжүүлэх, биет бус өвийг түгээн дэлгэрүүлэх, соён гэгээрүүлэх үйл ажиллагаанд идэвтэй оролцож яваа “Өвөрхангай аймгийн шилдэг өвлөн уламжлагч” билээ.

         Морь унах соёл, мал маллах арга ухааныг биеэрээ үлгэрлэн бусдад зөв жишгийг түгээж яваа өвлөн уламжлагч 2020 онд 400 км отрын замыг ханьтайгаа мориор туулсан. Энэ тухай мэдээллийг “Соёлын өв хөгжлийн дархлаа” цахим хуудсаар 300,000 гаруй хүн үзэж нийгэмд уламжлалт соёлоо өвлөхийг уриалсан. Д.Гүндэгмаагийн тухай  баримтат киног Соёлын яамны дэргэдэх Соёлын өвийн Үндэсний төвийн хамт олон бүтээсэн. Монголын Үндэсний Олон нийтийн телевизийн “Өв соёл” нэвтрүүлгээр хоёр удаа  айраг исгэх уламжлалт технологи, мал маллах ухаанаа үндэсний хэмжээнд сурталчилсан.  Одоогоор Баян-Өндөр сумын Батхаан багт мал маллан айраг исгэх уламжлалт технологийг сурталчлан түгээн дэлгэрүүлэн ажиллаж, амьдарч байна.

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу