МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

“НҮҮДЭЛЧИН”ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬДДОРНОД АЙМГААС ОРОЛЦОХ БҮРЭЛДЭХҮҮН

“НҮҮДЭЛЧИН”ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬДДОРНОД АЙМГААС ОРОЛЦОХ БҮРЭЛДЭХҮҮН

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивальд Дорнод аймгийн 8 сумын 40 хүн оролцоно. Үүнээс удирдлага зохион байгуулалтын 2, мэргэжлийн урлагийн байгууллага буюу Хөгжимт драмын театраас 10 уран бүтээлч, Музей 1, ардын авъяастан 21, өвлөн уламжлагч 8 хүн байна. Өвийн төрлийн хувьд Эх хэл аман уламжлалын ай савд 13, Ардын Язгуур урлагийн ай савд 18, Уламжлалт баяр наадам, зан үйл, ёс, тоглоом наадгай, уриа дуудлага ай савд 2, Байгалийн болон сав шим ертөнцийн ай савд 4, Уламжлалт арга ухаан ай савд 1, Мал маллах арга ухаан ай савд 1, Уламжлалт гар урлал ай савд 5 хүн, нийт 7 ай савын 25 өвийн төрөлд 15-аас 83 насны өвлөн уламжлагчид зорин ирсэн. 

Оролцож буй өвлөн уламжлагчдыг дурьдвал:

  1. Л.Мөнхсайхан – 55 настай, эрэгтэй. Байгалийн болон сав ертөнцийн мэдлэг зан үйлийг 30 жил сурталчлан таниулж буй 4 дэх үеийн өвлөн уламжлагч.
  2. Б.Мөнх-Эрдэнэ – 24 настай, эрэгтэй. Эх хэл аман уламжлал, Үүдэн дарлага, дайралцааг 5 жил сурталчлан таниулж буй 1 дэх үеийн өвлөн уламжлагч.
  3. Д.Адъяасүрэн – 26 настай, эрэгтэй. Эх хэл аман уламжлал, Үүдэн дарлага, дайралцааг 3 жил сурталчлан таниулж буй 1 дэх үеийн өвлөн уламжлагч.
  4. Ч.Жамсранжав – 83 настай, эрэгтэй. Уламжлалт баяр наадам зан үйл, Үзэмчин ардын дуу, ерөөл, магтаалыг 70 жил сурталчлан таниулж буй 3 дахь үеийн өвлөн уламжлагч, 13 шавьтай.
  5. М.Батчулуун – 22 настай, эрэгтэй. Уламжлалт гар урлал, Арьс ширэн эдлэл урлалыг 4 жил сурталчлан таниулж буй 2 дахь үеийн өвлөн уламжлагч.
  6. Э.Цэцэгдарь – 36 настай, эмэгтэй.  Эх хэл аман уламжлал, Монгол уран бичлэгийг 1 жил сурталчлан таниулж буй 1 дэх үеийн өвлөн уламжлагч, 120 шавьтай.
  7. Ц.Баатар – 66 настай, эрэгтэй. Уламжлалт арга ухаан, Эмийн ургамлаар анагаах арга ухааныг 18 жил сурталчлан таниулж буй 3 дахь үеийн өвлөн уламжлагч, 5 шавьтай.
  8. Д.Ууганбаяр – 69 настай, эмэгтэй. Уламжлалт гар урлал, Үзэмчин дээл урлалыг 50 жил сурталчлан таниулж буй 3 дахь үеийн өвлөн уламжлагч, 170 шавьтай.

Дорнод аймгаас онцолж буй өвлөн уламжлагч

Чандагын Жамсранжав

Дорнод аймгийн Баянтүмэн сумын харъяат Чандага овогтой  Жамсранжав нь 1940 онд ӨМӨЗОрны Зүүн Үзэмчин хошууны Шилийн гол аймгийн Улгай сумын Улгайн гол гэдэг газар төрсөн Үзэмчин угсаатан. Тусгай дунд боловсролтой. Клубын эрхлэгч мэргэжилтэй. Улсад тасралтгүй 34 жил  ажилласан.

Ч.Жамсранжав нь 1960 – 1963 онд ардын цэргийн алба хааж ирээд Дорнод аймгийн Баянтүмэн сумын Баясгалант хөдөлмөр нэгдэлд Тоо бүртгэгчээр, 1966 онд Дорнод аймгийн Баянтүмэн сумын Клубын эрхлэгчээр ажиллаж байгаад 1967 – 1968 онд Хэнтий аймагт Клубын эрхлэгч нарын курс төгссөн, 1990-1995 оныг дуустал багийн дарга, Тоо бүртгэгчээр ажиллаж байсан.

Ч.Жамсранжав нь 115 удаа концерт жүжиг найруулан тоглуулсны зэрэгцээ сумын соёл, урлагийн 3 хоногийг улсад 1 удаа, аймагт 7 – 8 удаа зохион байгуулж, “Хүн чанар”, “Хувьсгал”, “Ээмэг”, “Ёс ёмбогор төр төмбөгөр”, “Цоохор цэргийн Самдан”, “Хадатын голын хүүхнүүд” зэрэг 12 бүрэн хэмжээний жүжиг, 32 шог гараа, 40 орчим бүжиг найруулан тавьж, үндэсний болон жааз хөгжмийн хэсэг ажиллуулж, “Гэрэлт”-сонин, ам болон бичмэл сэтгүүл, ханын сонин зэрэг тухайн үед ашиглаж байсан хөдөөд соёлыг түгээх шинэлэг хэлбэрүүдийг идэвхтэй ашиглаж ирсэний гадна явуулын “Улаан булан”, халуун ус, нүүдлийн кино зэргийг иж бүрнээр нь тусгай график гарган зохион байгуулж байсан.

Ч.Жамсранжав нь улс, аймгийн хэмжээнд зохиогддог ардын язгуур урлагийн наадмуудад ардын авъяастнуудыг идэвхтэй оролцуулж, Үзэмчин дуу хуурын “Алтан дөрөө” -2005, 2008, 2011 наадам, сумын 30,40,50 жил, сумын сургуулийн 30,40,50 жилийн ой зэрэг наадмуудыг найруулсан бөгөөд Улсын тэргүүний уран сайханч 1, МУ-ын СТА-1, аймгийн тэргүүний уран сайханч 4 хүнийг тус тус төрүүлсэн.

1998 оноос сумын Ахмадын хорооны даргаар 15 жил, сумын Үндэсний бөхийн засуулаар 13 жил ажиллаж байсан ахмад ардын авъяастан, мөн сумын Соёлын төвийн дэргэдэх Соёлын зөвлөлийн гишүүн, зөвлөх багшаар тус тус ажиллаж байна.

Анх 13 наснаасаа ерөөл магтаалыг ардын Ерөөлч Ч.Жигмэд багшаар заалган суралцаж багшаасаа өвлөн авсан 3 дахь үеийн өвлөн уламжлагч. Мөн тэрээр нугийн ахмад настнуудаас Үзэмчин ардын “Дүүрэн заан”, “Өлгийн дуу” гэх мэт олон сайхан дуу хуурыг сурч 70 жил Үзэмчин угсаатны өв соёлыг түгээн дэлгэрүүлж сурталчилан таниулж байна. Өөрийн үр хүүхэд ач зээг оролцуулаад 13 өвлөн уламжлагчдыг төрүүлэхээс гадна Баянтүмэн сумын Соёлын төвтэй хамтран шавь сургалтыг хичээллүүлж байна.

2017 онд Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан Ерөөлч магтаалчдын “Улсын VII уралдаан”-ы Шилдэг оролцогч, 2018 онд болсон “Нүүдэлчин-Өв соёл”соёлын өвийн наадам, 2019 онд МУ-ын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл,урлагийн газар, Соёлын өвийн Үндэсний төв, МҮОНРТелевиз, Хэл шинжлэлийн хүрээлэн хамтран зохион байгуулсан Соёлын өвийн аман билгийн төрөл болох Ерөөл магтаалыг “АЛТАН ФОНД”-д бичүүлэхэд “Өв соёл” нэвтрүүлэгт тус тус аймаг орон нутгаа төлөөлөн амжилттай оролцсон.

Ч.Жамсранжавыг урлаг соёлын төлөө зүтгэсэн зүтгэлийг төр засгаас үнэлж:

  • 1977 онд Засгийн газрын “Хүндэт жуух”
  • 1978, 1979 онд IV, V таван жилийн гавшгайч цол тэмдэг
  • 1981 онд МХЗЭ-ийн 50 жилийн ойн медаль
  • Ардын хувьсгалын 60,70,80,90 жилийн ойн медаль
  • МАН-ын ойн медалиуд,
  • “Ахмад зүтгэлтэн”, “Ахмадын алдар” тэмдэг
  • Үзэмчин түмний дуу хуурын “Алтан дөрөө”-2005,2008,2011 наадмын хошой мөнгө, хүрэл
  • 2006 онд Ардын ерөөлч Ч.Жигмэдийн нэрэмжит “Аман билгийн наадам”-ын Тусгай байрын шагнал
  • 2006 онд Аймгийн Засаг даргын “Жуух бичиг”
  • 2007 онд МҮЭ-ийн “Соёлын Тэргүүний ажилтан”
  • 2008 онд аймгийн үндэсний бөхийн Засуулч цол тэмдэг, тууз
  • 2009 онд Монголын Соёлын ажилтны “Соёлын түшиг”холбооны “Соёлын алдар” медаль
  • “Ахмадын урлаг спортын наадам”-2008, 2010 хошой алт мөнгө хүрэл медаль
  • 2011 онд аймгийн хэмжээнд “Ардын урлагийн их наадам”-ын II шатны шалгаруулалтын язгуур урлагийн төрөлд Алтан медаль
  • 2012 онд Монгол улсын “Соёлын Тэргүүний Ажилтан” цол тэмдэг
  • 2018 онд Монголын Соёлын ажилтны “Соёлын түшиг” холбооны дээд шагнал “Соёлын гавьяа” одон
  • 2018 онд Соёлын өвийн наадмаар Монгол улсын “Тэргүүний ардын авьяастан” цол тэмдгүүдээр тус тус шагнагдаж байсан.

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу