МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

НОХОЙГООР АН ХИЙХ, СУРГАХ

НОХОЙГООР АН ХИЙХ, СУРГАХ

Монгол домгийн анчин баатар, аянга цахилгааны эзэн Хөхдэй мэргэнийг Асар, Басар хоёр анч тайга нохойгоо дагуулж, хөгнөн цагаан хүлгээ унаж, хөвөн цагаан сумаа харваж байгаагаар дүрсэлдэг. Мөн монгол бөө мөргөлийн “Есөн цагаан сүлд тэнгэр” 9 хар нохой дагуулсан, 9 харцага шувуу нисгэснээр дүрслэгддэг. Зарим айл энэ тэнгэрт зориулан нохойгоо сэтэрлэх нь бий. Галын тахилга, хишиг даллага авахуулахад:

Хүр хүр дуут

Хүч чадал сайт

Нохойн хишгийг ирүүлмүй

хэмээн нохойн хишгийг далладаг. Эдгээрээс харахад Монголчууд маш эртнээс нохойг гаршуулан ан гөрөөнд дагуулж, гэршүүлэн нөхөр ханиа болгожээ.

Монгол анчдын дунд нохойгоор ан хийх, анд сургах үзэгдэл түгээмэл байдаг. Юун түрүүнд анч нохойг гөлөг байхаас нь сонгох бөгөөд эхийнх нь удам төрөлх чадварыг нь тодорхойлдог хэмээн үздэг тул удам сайтай  нохойн гөлгийг төрснөөс нь хойш 1,2 долоо хоногийн дараа эзэнд нь хадаг барьж, эхэд нь будаа чанаж өгөн, эхээс нь нуун авч явдаг. Ингэхдээ хамгийн түрүүнд зүсийг нь анхаарна. Зэгэл саарал /чонын зүс/, улаан хоншоортой цагаан /галзуу халдах/ зүсийг цээрлэх бөгөөд ямар анд сургах гэж байгаагаас шалтгаалан зүрх цагаан хар, шар халтар, цагаан халтар, улаан халтар, шар, улаан, хар зүсийг эрхэмлэнэ.

Зүр барьдаг тайга нь

Зүрхнийхээ эхэнд цагаантай

Түүнийг барьдаг залуу нь

Эрхий хомхойдоо эрдэмтэй /торгууд ардын дуу/ Цээж бөгс тэнцүү өндөр, таваг багатай, нарийн хөлтэй, тавиу биетэй гэх мэтээр шинжинэ. Шилэн хүзүүнээс нь барьж 3 удаа өргөхөд гаслахгүй бол хазсанаа тавихгүй, түүш чанга, зуулт сайтай болно. Авах гөлгөө хамгийн доор нь тавиад бусад гөлгөө дээрээс нь овоолоход дарагдсан гөлөг дээр нь гарч чадвал зориг цөстэй, хүч сайтай гэх мэтээр шинжинэ. Гөлгийг хоолонд орсны дараа нэр өгөх бөгөөд 2 чихийг нь сөхөж байгаад тус бүр 3 удаа хүчтэй чангаар хашгиран хэлдэг. Асар, басар, харцага, бүргэд, арслан, барс гэх мэт хүч чадалтай болохыг бэлгэдсэн нэр голдуу өгнө. Анч нохой хурдан, хөнгөн байх ёстой тул тостой хоол өгөхгүй, идэр есийн үеэр төрсөн гөлөг тэсвэртэй болдог хэмээн ямааны арьс эсвэл үнсэн дээр хэвтүүлдэг. Мөн анч нохойг шүдлэн насанд нь хөнгөлвөл, урт биетэй, хурдан болдог гэж үздэг. Түүнчлэн цусаа үзсэн нохой анд сайн ноцдог хэмээн нохойныхоо чихийг эмнэдэг ажээ. Чоно баавгайтай тэмцэхэд хүзүүг нь хамгаалахын тулд мөнгө, гуулин товруу, төмөр хадаас бүхий сур, булигааран саалт буюу хүзүүвч хийж өгдөг. Жирийн үед хүзүүвчийг нь өлгөж тавиад ан авд гарахдаа ариулан зүүлгэх, баяр ёслолын үед торго дурдангаар хийсэн хүзүүвч саалт зүүлгэх нь бий. Улаан хүзүүвчтэй нохой эрэмгий болдог хэмээн үзэж, хүзүүвчинд нь 2-3 гархи хадаж түүндээ улаан залаа хадаж бөхөлдөг. Нохойг анд сургахдаа жижиг ангаас эхлэх бөгөөд нүхний нэг аман дээр нь утаа май тавьж, нөгөө амаар нь гарсан хулгана зурмыг бариулж аажмаар үнэг, хярс, чоно, баавгайн анд сургадаг байна. Сайн нохой дараагийн төрөлд хүн болж төрөх учиртай бөгөөд сүүлийг нь таслахгүй бол хүн төрлийг авч чадахгүй хэмээн үздэг тул анч нохой нь үхвэл сүүлийг нь тасалж дэрлүүлэн сүү сацан, арцаар ариутган, аманд нь өөх тос, хонины сүүл зуулгаж хээр тавьдаг. Ер нь ан хийх явцад зэрлэг амьтанд бариулаагүй л бол монгол нохой гэрийн гадаа үхдэггүй бөгөөд үхэх цаг нь ирэхэд гэнэт алга болж хүн амьтны замаас хол цэвэр газар сонгож үхдэг.

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу