МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

НООС НООЛУУР БОЛОВСРУУЛАХ УЛАМЖЛАЛТ АРГА

НООС НООЛУУР БОЛОВСРУУЛАХ УЛАМЖЛАЛТ АРГА

Монголчууд эрт дээр үеэс малынхаа үс ноос, хөөвөр хялгасыг боловсруулан амьдрал ахуйдаа хэрэглэсээр иржээ. Хонины ноосыг зун, намрын цагт 2 удаа авах бөгөөд зуны эхэн сард авсныг уртын, намар авсныг ахрын ноос гэнэ. Ногоо идсэн хонины ноос амархан хөндийрч авахад амар байдаг тул хүч тэвээрэг сайтайгаас нь эхэлж хонины нас хүйс харгалзалгүй уртын ноосыг авдаг.  Харин эм хонь, хурганы ахрын ноосыг авдаггүй. Хонины ноос авах өдрийг сонгоод ах дүүс, нутаг усныхандаа зар тараах бөгөөд сонгосон өдөр бороо шороотой юмуу өөр учир шалтгаан гарвал нэг хонины ноосонд хайч хүргэн домнодог. Тогтсон өдөр зар хүрсэн хүмүүс хайч, хонины хөл боох дээс, боолтоо авчирдаг. Гэрийн эзэн хүмүүсийг ирэхээс өмнө ноос авах ажлаа эхэлчихсэн байх ба хүмүүс:

Хайч хурц

Хайчилсан хонь

Мянга түм хүрч байг

гэх мэтээр ерөөхөд

Ам өлзийтэй байг

гэх мэтээр хариулдаг.

Ноос савахад мөн өдөр тогтож, зар тараах бөгөөд хүмүүс ирэхээс өмнө гэрийн эзэд ноосоо дэлгэн хатаах, ирэх хүний тоогоор саваа мод, хом шир, дэвжээ засах зэргээр бэлтгэж ирсэн хүмүүсийг дайлж зочилдог. Эмэгтэйчүүд 2, 2 саваа авч дэвжээ тойрон суухад эрэгтэйчүүд ноосыг жигд дэлгэж өгнө. Гэрийн эзэн юмуу ахмад настай хүн айраг сүүний дээж барин “Ноос савахын ерөөл” хэлж аягатайгаасаа дэлгэсэн ноосон дээр цацна. Ноос савж байхад ирсэн хүн:

Унгас нь мяндас бол

Саваа нь шандас болтугай гэх мэт ерөөл хэлдэг.

Ноос савж дуусаад гэрийн эзэд оролцсон  хүмүүсийг дайлж  цайлан хүндлэдэг. Монголчууд хаврын сүүл, зуны эхэн сард мал ногоонд цадан үс ноос нь хөндийрөхөд адуу дэллэх, үхэр хөөвөрлөх, тэмээ зогдорлох, хонины ноос хяргах, ямааны ноолуур самнах ажлаа айл хотлоороо элбэн хийдэг билээ. Ямааны ноолуур нь хялгасны дундуур барьцалдсан байдалтай байдаг тул самнаж авдаг. Хөөрсөн ноолуур авахад хялбар боловч самналгүй оройтуулбал хаягддаг тул хугацааг нь сайн тохируулах хэрэгтэй. Ноолуурын ширхэг нарийн байх тусмаа чанартай байдаг бөгөөд өнгө нь цайвар тусмаа үнэтэй байдаг. Ямаа самнахдаа нягт, сийрэг, урт богино хэд хэдэн төрлийн шүдтэй сам хэрэглэдэг.

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу