МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

МӨСӨН ШАГАЙН ХАРВАА

МӨСӨН ШАГАЙН ХАРВАА

“Мөсний шагайн наадааныг түүхэн хөгжлийнхөө хугацаанд “шагалцах”, “мөсөн шагай”, “өрөг харвах” гэх мэт нэрлэж байжээ. Мөсний шагайг тоглоход бод, богийн 4 ширхэг шагай, атгасан гарын хэртэй хушга, сум, онооны тооцоог тэмдэглэх үнсэн самбар зэргийг хэрэглэдэг байжээ. Хушгыг үхрийн засааны арьсыг хөндий хатааж хийдэг байсан нь орчин үед түүнийг хатуу цаас, материалыг бөөрөнхий хэлбэрт оруулан орлуулах болжээ. Сум буюу “захыг” эрт үедээ аргал угалзны ясан эвэр, эсвэл гуулиар цутгаж хийдэг байв. Орчин үед яс хэрэглэхээсээ илүү тугалга юм уу, ган, гуулиар гадна талыг нь бүрж хийсэн, хоёр талдаа ховилтой, дотроо хөндий, жижиг тугалга хийж дотор нь гүйж болохуйц, ойролцоогоор 120 орчим грамм жинтэй сум байна. “Захыг” барих барилтын хувьд биеийн урд хэсэг рүү дагуулан харуулсан хэсэгт байх ховилд долоовор хурууг чигээр нь мордуулж дунд хурууны ар талыг хойд талынх нь ховил дээгүүр давуулж, сумны зүүн талыг эрхий хуруугаар тулж, баруун талын хажуу хэсгийг ядам хуруугаар тулж барина. “Захаа” харвахад бэлдэхдээ “зах” барьсан гараа доош нь шулуун байдалтай байлгаж, түүний эсрэг талын хөлөөр биеийн жингээ тулж, түүн дээр гараараа тулж, нөгөө талын хөлийг бага зэрэг хойш нь тавьж, нугалж, биеийг урагш тэмүүлэхэд дэм болгон түлхэхэд бэлэн болгож бага зэрэг нугалж, мөсийг бага зэрэг хонхойлгон түүнд тээглүүлэн жийж бэлдэнэ. Харвахдаа хойд хөлөө хүчтэй жийж, “зах” барьсан гараа савалттайгаар урагш нь даллаж, сумаа шиднэ. “Захыг” шидэх мөчид бие өөрийн хүндийн жингээр  урагш гулсана. “Зах” барьсан гарыг төдийлэн их нугалахгүйгээр чигээр нь байлгадаг байна. ”Захыг” шидэхдээ бага зэргийн эргэлттэй буюу хойд сумны хойд талыг тулж байгаа дунд хурууг урагш нь хүчтэй түлхэнэ. “Зах” нь өөрөө дотроо жижиг тугалгатай тул явах замдаа дотроо тийрэлттэй байдаг учраас сумны явах хурдыг эрчимжүүлдэг байна. Мөсний шагайны сум болох зах дотор тугалга хийдгийн гол шалтгаан нь тугалгын өөрийнх нь физик шинж чанарыг ашиглах явдал бөгөөд тугалгын физик шинж чанар нь байгаль дээр хатуу байдлаар олддог (Pb), агаартай харьцуулсан нягтын хэмжээ нь 11.34г/см3 байдаг учраас түүний хүндийн хэмжээг энэхүү наадаанд ашигладаг байна. Тиймээс тугалгын хүндийн хүчний нөлөөгөөр захын явах замыг туулах хугацаанд газрын татах хүчийг нэмэгдүүлж, тухайн сум буюу захын чиглэлийг алдагдуулахгүй, түүний ханын цохилтын хүчээр “захыг” замын чиглэлийн дагуу явуулдаг байна. “Захын” явах замыг “аваа” гэж нэрлэнэ. Аваа нь тухайн захын явах замд тохиолдох бартаа, мөсний өөг хэлэх нэр юм. Тоглож байгаа нэг багт эрт үедээ 2-24 хүн тоглож байжээ. Харин одоо бол ихэнхдээ 2 хүний бүрэлдэхүүнтэй тоглож байгаа ажээ. 

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу