МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

МЯНГАД ХУРИМЫН ЁС, ЗАН ҮЙЛ

МЯНГАД ХУРИМЫН ЁС, ЗАН ҮЙЛ

XYI зуунаас эхлэн Мянгад гэдэг нэр тэмдэглэгдсэн бөгөөд тэдний дунд Мянгад, Басигид, Хиргис гэсэн гурван үндсэн яс зонхилно. Эдүгээ Мянгадууд Ховд аймгийн Мянгад сумын нутагт Ховд голын адаг, Алтан Хөхий уул орчмоор нутаглаж, цөөн хэсэг нь Эрдэнэбүрэн суманд Өөлд, Дөргөн суманд Дөрвөдтэй хамт суурьшдаг. Мянгадын өвөг дээдэс нь Тагнын нуруу, Соёны уулсын ой тайгаар нутаглан цаа буга тэжээж, ан гөрөө хийж амьдардаг байсан ойн Урианхай иргэдийн тасархай ажээ. Тэд Монгол, Түрэг угсааны олон аймагт харьяалагдаж явсан тул бүрэлдэхүүнд нь уг удмын олон яс овгууд холилджээ. Мянгад нь Дөрвөн Ойрадын үед 8 мянган хойд, 2 их мянганаас бүрэлдсэн нэг түмэн болж байв. Мянгадын гэрлэлтийн хэв заншилд нэгэн яс, овгийн дотор гэрлэхийг ихэд цээрлэж, удмын яс, овог баримтлах “төрлөөс гадуур ураглахуй” (экзогамия) ёс заншлыг хатуу мөрдөн, зээ нагацын сүлбээтэй бол “мах цусны гэмтэй” хэмээн үе төрөл тоолж гэрлэх маш нарийн журамтай байжээ. Тиймээс ч “тэмээн чинээ махнаас, тэвнийн чинээ яс” гэсэн эцгийн яс талыг эрхэмлэх, баримтлах эртний ёс Мянгадад уламжлагдаж иржээ. Ингэж эцгийн яс талыг баримтлан авгын талаас хэдэн үед ч гэрлэхийг хорьж, эхийн овгийн төрөл садангийн үе төрөл тоолж хоёр үе өнгөрсөн бол гэрлэж явжээ. Нагац овгоос эхнэр авахыг сайн гээд “нагацындаа очиж налайна” хэмээн хөгшчүүл үзэх ёс ч байсан байна. Нагац төрлөөс эхнэр авах ёс Киргизүүдэд байсан нь Мянгадтай улбаа нэгтэй байна. Мянгадын гэрлэлт нь бэр буулгах сүйт гэрлэлтийн хэлбэртэй байсан бөгөөд хүүхний эцэг, эхэд хадаг тавьж “ам хэлж” худ-худгуйн холбоо тогтоохоос эхэлдэг ёс заншилтай. Эцэг эх нь хүүгийнхээ санал бодлыг харгалзан ямар нэг аргаар сэтгэлтэй бүсгүйг нь мэдэх зэргээр бэр тогтоон “оюу чулууг нь тавиулна” хэмээн ламд хадаг барьж хүүхний жил, мэнгэ, оюу, чулуу гэсэн 4 зүйл хүүгийнхтэй тохирох эсэх, жилийн хамаарал зэргийг үзүүлж “болж бүтнэ”,  “ивээл”, “ өлзийтэй” хэмээвээс хүүхний талд хадаг тавих бөлгөө. Мянгадын уламжлалт хуримын зан үйл бусад ард түмний адил хуримын өмнөх, хуримын ёслол, хуримын дараах үе гэсэн нийтлэг ангиллаар ангилагдаж болох боловч ардын өөрийн онцлог, уламжлалт хуримын зан заншлаар “хуримын долоон ёс” гэж нэрлэдэг “худ ам хэлж очих”, “хадаг тавих” (бэлэг тавьж сүйн мэдээ хүргэх), “сүй хүргэх”, “бяруут хурим”, “их хурим”, “бэр буулгах”, “уут уутлах” хэмээх 7 ёс бүхий дэс дараалалтай байжээ.

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу