МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

МЯНГАД ХУВЦАСНЫ УЛАМЖЛАЛТ УРЛАЛ

МЯНГАД ХУВЦАСНЫ УЛАМЖЛАЛТ УРЛАЛ

Мянгад эрчүүд сэрүүн цагт минж, булга, цагаан хурганы арьсаар эмжсэн лоовууз, 4 чихтэй эсгий тоорцог өмсдөг бол харин зуны улиралд ам дөрвөлжин цагаан алчуурыг хоёр үзүүрийг нь сул орхин хоёр үзүүрийг нь шилэндээ зангидаж явдаг байна. Дээл, тэрлэгний захыг өөр өнгийн торго даавуугаар хийж, энгэр, ташаа, хормойг нарийн, өргөн 2 хар эдээр “каазласан” буюу эмжсэн байдаг. Дулааны улиралд Монгол цамц өмд, тэрлэг, сэрүүний улиралд луун хээ тавин гоёсон хар хошмогтой цагаан нэхий дээл, хар хүрэн, хүрэн өнгийн цэмбэн хүрэм, үс гүйцсэн буюу “ноолуур суучихсан”  ямааны арьсан дах өмсдөг.

Мянгад эхнэрийн дээл хувцас Халх эхнэрийн дээл хувцасны хийц загвартай ерөнхийдөө төстэй хэлтгий энгэр, босоо зах, нударгатай, түнтгэр мөртэй боловч халхыг бодвол мөрний түнтгэр нь арай намхан байдаг. Мянгад эрэгтэйчүүдийн дээлний захыг өөр өнгийн торгоор урладаг бол Мянгад эхнэр дээлний зах эх биетэйгээ ижил өнгийн торгоор хийгддэг. Зах энгэрийг өнгийн хоргойгоор өргөн эмжиж, хормой ташааг хар дэвсгэртэй хоргойгоор “каазлах” буюу захалдаг. Дээлний гадуур ёслол хүндэтгэлийн үед /нүүх суух, эргэл мөргөл хийх, баяр ёслол зэрэгт/ “урт ууж”, өдөр тутамдаа “гэрийн богино ууж” буюу “цээжмэг” өмсдөг. Урт уужийг илүү гоёмсог үнэт торгоор хийж, энгэр сугыг саа, тууз, хоргойгоор өргөн эмжин, задгай энгэртэй, зах ханцуйгүй, дээлний урттай ижилхэн хийдэг.  Ягаан, ухаа, гандмал цэнхэр өнгийг таашаадаггүй хүрэн, хөх өнгийг эрхэмлэдэг аж.

Гуталны хувьд зундаа даавуун, өвөлдөө эсгий оймстой булигааран Монгол гутал өмсдөг бөгөөд оймсны харааг торгоор өнгөлөн гоёмсог хээ угалзаар чимэглэн, улыг нь давхар ширсэн бат бөх, эдэлгээ даахуйц хийдэг байжээ. Хүүхдийн хувцасны хувьд 10-аад нас хүртлээ охид хөвгүүдийн хувцас төдий л ялгарахгүй даавуун болон хөвөнтэй өмд, цамц, тэрлэг, хурга ишигний арьсаар хийсэн “цээжин дотортой дээл” зэргийг өмсдөг байжээ. Мянгад залуу бүсгүйчүүдийн бусад ястнаас ялгарах нэгэн өвөрмөц гоёл бол бэлнээс хэт хутга буюу “хос хутга” зүүж, ногоон, хөх өнгийн алчуур бүсэндээ хавчуулан явдаг байжээ.

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу