МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

МОНГОЛ ҮНДЭСТНИЙ УЛАМЖЛАЛТ ЦАЙ УНДАА ХИЙХ АРГА

МОНГОЛ ҮНДЭСТНИЙ УЛАМЖЛАЛТ ЦАЙ УНДАА ХИЙХ АРГА

Монголын олон ястан нутаг нутгийн онцлогтой цай ундааны өвөрмөц соёлтой ард түмэн юм. Монгол үндэсний уламжлалт цай ундааны зүйлд сүүтэй цай, хар /бор, чин/ цай, хийцтэй цай, борлуулсан /дүйсэн/ цай,  хярам, цийдэм зэргийг нэрлэж болно. Монголын баатарлагийн туульд хатад бүсгүйчүүд аагтай шаргал цайгаа

Бурмын амтаар амтлаад

Үзмийн амтаар үслээд /сүлээд/

Эвтэй баривал эрхий дундуур

Цэх баривал чигчий дундуур хийгээд

баатар бодонгууддаа барьдаг.

Манай орны аль ч нутаг, аль ч ястны дунд цай чанах түгээмэл арга нь хүйтэн усанд нунтагласан цай /Үзэмчин зэрэг ястанд цайны хандыг даавуун уутанд хийж/ буцалгаад, давс хужир /зүүн аймгийнхан цайндаа давс хийдэггүй/ хийдэг. Ингэж чанасан цайг хар цай, бор цай /Баядад чин/ гэх мэтээр нэрлэдэг. Цайгаа сүлээд сайхан үнэр амт оруулахын тулд хөөсөртөл нь самарч ердийн сүүтэй цай чанана. Үүнээс гадна цайг нохойн хошуу, боролзгоны цэцэг, шар тос, айргийн тос, арвайн гурил, чацаргана, борц, чөмөгний яс /чөмөгний ясыг хагалж болон бүтнээр нь/, мах /мах сүү хоёрыг холихыг цээрлэдэг тул ихэвчлэн хар цайнд хийдэг/, цус /Баядад уринд өгч хатаасан цусаа мөн адил хар цайнд хийдэг/, борви тойгны яс хийх зэргээр амталж уудаг байна. Мөн битүү тагтай саванд чулууг улайсган цай идээшүүлж хорхоглож амтлах нь ч бий.

Хийцтэй цай чанах арга ерөнхийдөө түгээмэл. Халуун тогоонд сүүл /шар тос, сэмж/ хайлуулаад гурил /будаа/ хийж хуураад шаарыг нь тунгаасан хар цайнаас бага багаар хийж буцалгадаг. Ингэж чанаад сүлсэн цайгаа хийцтэй цай, сүлээгүй бол Халхад борлуулсан цай, Баядад дүйсэн цай гэж хэлдэг. Хийцтэй цайг цагаан, шар будаа, банш, борц, цульхирын гурилтай хийнэ.

Цайны ханд хийлгүй усаа сүлж  чанах, эсвэл ааггүй шингэн чанаж сүлсэн цайг хярам гэх бөгөөд зуны цагт ялангуяа хүүхдүүд их уудаг. Мөн усыг болсон сүү, айраг ундааны зүйлтэй хольж уухыг цийдэм хэмээн нэрлэдэг. Зочин гийчиндээ заавал шинэ цай чанаж өгөх, цай самрахдаа болон аягалахдаа үүд рүү харуулдаггүй, сэтэрхий аяганд хийдэггүй, цайныхаа дээжийг тэнгэр хангайдаа өргөх, гэрийн эзэнд барих зэрэг ёс уламжлалыг эдүгээ ч гэсэн мөрддөг билээ.

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу