МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

МОНГОЛ ШАТАР

МОНГОЛ ШАТАР

Монголчууд ухаан сорих, оюун хөгжүүлэх олон тоглоом наадгай бүтээсний нэг нь Монгол шатар бөгөөд эрэгтэй, эмэгтэй, хүүхэд хөгшидгүй тоглоно. Монгол шатрын ноён, бэрс, тэрэг, тэмээ, морь, хүү нь бусад улсын  шатрын дүрс болон нүүдлийн хувьд нэлээд өөр. Үе үеийн нэрт урчууд мод, чулуу, яс, үнэт металлаар шатрын дүрсийг уран нарийн, давтагдашгүйгээр сийлж, урласан байдаг. Тухайлбал, шатрын ноёныг хар цагаанаар нь зан байдлын  догшин, дөлгөөнийг нүүр царайнд нь тодруулан ширээн дээр залран буйгаар, бэрсийг бар эсвэл нохой, тэмээг ноцолдож буй буур, ботгоо дагуулсан ингэ, тэмээ унасан хүүхэд, морийг давхиж байгаа, булгиж байгаагаар, тэргийг хос морь хөллөсөн мухлаг тэрэг, үхэр хөллөсөн гэр тэрэг, хүүг барилдаж буй хоёр хүүгээр гэх мэтээр том жижиг янз бүрийн хэмжээтэй уран нарийн хийцтэй урласан байдаг.

Шатрын ноён бод, хүүгээ захиран, тэднээр хамгаалуулан намбалаг ойр ойрхон нүүдэг бол бэрс ноёндоо үнэнч зүтгэж, бусад бод, хүүгээ хамгаалан шулуунаар 4 зүгтээ ганц нүүдэл өнцөглөн нүүдэг. Тэрэг шулуун замаар өнцөглөн, тэмээ баруун зүүн тийш, харин морины нүүдэл чөдөртэй морины явдлыг санагдуулахаар нүүнэ. Эхний нүүдлийг заавал хүүгээр хийдэг онцлогтой бөгөөд зөвхөн наймдугаар шугамд гарсан хүүг бэрсэд тооцно. Монгол шатрын нүүдлүүд нарийн нэр томьёотой сонирхолтой цолтой байдаг. Тухайлбал:

Алаг эрээн барс /бэрс/

Архиран шаг

Атан улаан тэмээ

Дэвслэн дуг

Аралт төмөр тэрэг

Няцлан шаг

Ажнай эрдэнийн хүлэг

Тачигнан шаг

Алиа хонгор хүү

Агсран цод гэх мэтээр хүүгээр шалахад “цод”, тэмээгээр “дуг”, тэрэг, бэрсээр “шаг”, ноёныг “мад” гэнэ. “Хоёр тэмээний тэшилт”, “хоёр морины хатираа”, “морины довтолгоо” зэрэг сонирхолтой гараанууд байхаас гадна “таван халуун хүртээх”, “түүхий хийх”, “уран бэрийн хожил” гэх мэт уран сайхан хожил байдаг. Шатар тоглоход одоогийн байрлал, тоглолтын цаашдын төлвийг тооцоолж, хожлын хувилбарыг сонгох зэргээр тоглогчдоос нэлээд ур чадвар, ухаан, тэвчээр шаарддаг.

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу