МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

МОНГОЛ ЦАМ

МОНГОЛ ЦАМ

Бүжгийн төгөлдөр хөдөлгөөн, хурал уншлага, тарни бясалгалын увдисаар бие, хэл, сэтгэлийн урыг нэгтгэж нэгэн утгад төвлөрүүлэн үйлддэг шашин- соёлын цогц өв-багт бүжиг. Цам Төвдөөс үүсэлтэй боловч Монголд дэлгэрэхдээ Монгол цамчид, урчуудын уран сэтгэмж, гоо сайхны мэдрэмжээр сэлбэгдэн, Монгол домог, туульсын баатрууд, эртний бөө мөргөлийн уламжлалын зарим онцлогоор баяжин хөгжиж Монгол төрхтэй, өвөрмөц агуулга, хэлбэртэй болжээ. Монголын олон хүрээ хийдэд Эрлэгийн, Дарь эхийн, Гэсэрийн, Найданжүдэгийн, Бухын цам зэрэг олон төрөл зүйл цамын бүжиг дэглэн үзүүлж байжээ. Эдгээрээс “Эрлэг номун хааны цам” буюу  “Жахар” цам илүүтэй тархсан ба дэг жаяг, хувцас өмсгөл, баг сэлт нь харьцангуй бүрэн уламжлагдаж ирсэн байна. Жахар цамын ёслол жил бүрийн зуны адаг сарын шинийн 9-нд өглөө наран ургахаас орой наран жаргах хүртэл үргэлжилдэг, янз бүрийн 108-128 дүртэй байжээ. Их хүрээнд жахар цамыг анх 1811 онд дэглэснээс хойш 127 удаа гараад 1937 оноос улс төрийн хүчирхийллээс болж хаагджээ. Түүнээс хойш 62 жилийн дараа 1999 онд Гандантэгчинлэн хийдэд хуучин дэг жаягаар нь дахин сэргээсэн. Цамыг их бүрээ, бишгүүр, хэнгэрэг, цан, ганлин, дун бүрээ, дуударам, дамар бүхий шашны найрал  хөгжмийн аялгуунд үйлддэг. “Монголын хүрээ цам нь бурхны шашинт бусад газрын цамыг бодвол хэмжээгээр хамгийн том, баг өмсгөл, чимэг зүүлтийн ур хийц илүү сайн, гүйцэтгэх зан үйл, агуулга илүү гүнзгий бөгөөд өргөн дэлхийн бурхны шашинт бүх орны цамын дотор хамгийн нандинд орно.

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу