МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

МОНГОЛ ХӨӨМЭЙН УЛАМЖЛАЛТ УРЛАГ

МОНГОЛ ХӨӨМЭЙН УЛАМЖЛАЛТ УРЛАГ

ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний Соёлын биет бус өвийн Төлөөллийн жагсаалтад 2010 онд бүртгэгдсэн өвөрмөц, гайхамшигт урлаг. Монголчуудын бүтээн хөгжүүлж, өнөө хүртэл уламжилсан нэн эртний дуу хөгжмийн өвөрмөц урлаг болох хөөмэй нь Монгол үндэстний бусдаас ялгарах онцлогийг тодотгож байдаг. Төв Азийн нүүдэлчид, түүний дотор Монголчууд хөөмэйг газар нутаг, байгальтайгаа харилцан шүтэлцээтэй байж бүтээжээ. Иймээс хөөмэйг хээрийн буюу байгалийн урлаг хэмээн нэрлэх нь бас бий. Уул хад, ой хөвчийн цууриатах дуу, голын харгиа боргио, салхины исгэрээг дууриан дуугарах, ан амьтдыг авлах, гаршуулах үүднээс дуудан аялгуулах нь хөөмэйн урлаг үүсэх эх үндэс болсон гэж эрдэмтэд үздэг. Сүрлэг өндөр цаст уулсын сүр, ой хөвч, тайгын чимээ, хад асганы цууриатах дуу, эрчлэн буух гол горхины шуугиан, хүрхрээ, харгиаг сонсож, салхи шуурганы исгэрээ, зэрлэг амьтдын дуу дуудлагыг дууриан дуугарч аялдаг байсан мэдээ түүхэн баримтуудад олон бий. Мөн эрт дээр үеэс бөө(зайран, удган) нар байгаль дэлхий, тэнгэр газраа аргадан тахиж, онгод сахиусаа дуудахдаа хөөмэйн төрлүүдийг ашиглан хоолой багалзуураа шахан өнгө, авиаг нь өөрчилдөг байжээ. Тэдний бие, үйл хөдлөл нь маш уян хатан болж, хөөмэйгөөр үгээ үглэн хэлж, аялан дуудахын зэрэгцээ тэр аялгуун дээрээ бүжин цамнах нь Монгол биелгээтэй ч бас холбоотой.

Ийнхүү хөөмэй нь туульсын аялгуу, бөөгийн дуудлага, цуурын дуу зэрэгтэй нягт холбоотойн дээр хөөмэйн ая аялгуу нь өнөө болтол тэдгээрийн ая дуудлагад хадгалагдсаар байна. Монголчууд үлгэр хэлж, тууль хайлах, ерөөл, магтаал аялгуулахдаа хөөмэйн төрлүүдээр ая хавсран үйлдэхээс гадна бүлэг, үзэгдлүүдийн хооронд хоолойгоороо ан амьтдын дууг ч дууриан дуугарч, чимэг хийдэг. Судлаачид хөөмэйг исгэрээ хөөмэй, шахаа хөөмэй, хархираа хөөмэй гэх мэтээр 3-6 төрөлд ангилан үздэг ажээ. Хөөмэй нь хүний амьсгалын болоод өгүүлэхүйн эрхтний оролцоо, үйлдлээр чамин гоё өнгө аяс, нугалаа чимэгтэй ая, аялгууг эгшиглүүлэхийн сацуу хөөмэйн гүнд түүний дэвсгэр ая эгшгийг нэгэн зэрэг дуурсгах замаар бүтээж байдгаараа урлагийн нэн сонин, хосгүй төрөл юм.

Хөөмэйлэхдээ хүний амьсгалаар авсан уушгин дахь хийг ам, нармай, мөгөөрсөн хоолой, төвөнх, цээжний хөндийгөөр хөөргөдөн цохилт, тэсрэлт, доргилт үүсгэж, цууриалуулан хөөж хөг авиа, ая эгшиг үүсгэн хөгжимдөнө. Өөрөөр хэлбэл хүний амьсгалын болон өгүүлэхүйн эрхтнийг хөгжмийн зэмсэг болгосон Хүн-хөгжим ажээ. Ийнхүү Монголчууд хөөмэйн урлагаар хүний өгүүлэхүйн эрхтний оролцоог дээд хэмжээнд хүртэл ашиглан, урлагийн “зэмсгийн” төгс чанарт хүргэн хөгжүүлж чадсан юм. Хөөмий нь  Баруун Монгол, Хөвсгөлийн зах хязгаар нутгаар орших хүмүүсийн дунд өргөн тархсантай холбож үздэг. Монголын ард түмний утга соёлын өвийн нэгэн төрөл болсон хөөмэйлөх урлаг нь эртний өвөг дээдсийн дунд үүсч бий болсныг Монголчууд эдүгээ хүртэл өвлөн уламжилсаар ирсэн түүхэн гавьяатайг тэмдэглэж, давхац хөгөөр илэрхийлэгдсэн гайхамшиг болох уянгын хөөмэй, хархираа хөөмэй гэж байдаг. Хөөмэйн урлагийн өнгө аясыг нугалан даргих мэт, уран гоё нугалаа хийж, хүнгэнүүлэн хөөмэйлэхийн зэрэгцээгээр, исгэрээний давхцсан өнгөөр эгшиглүүлэх нь нэн гайхамшигтай билээ. Хөөмэйлөгч хэн ч гэсэн, өөрөө өөрийнхөө дуу хоолойгоор хөөмэйлөн хөгжимдөж, өөрөө сонсогч нь болж, хээр талдаа, адуулж аяншиж явахдаа уйдахын зовлонгүй өөрийгөө баясган цэнгүүлж, зугаатай явдаг ажээ.

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу