МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

МОНГОЛ УРАН БИЧЛЭГ

МОНГОЛ УРАН БИЧЛЭГ

2013 онд ЮНЕСКО –гийн Яаралтай хамгаалах шаардлагатай Соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгэгдсэн өвөрмөц, гайхамшигт урлаг. Монгол уран бичлэг бол эртний уламжлалт утга соёл, эрдэм мэдлэг, оюуны боловсрол, хүний дотоод сэтгэлийн торгон мэдрэмжийг Монгол бичгийн зурлагаар илэрхийлж үзүүлдэг бийрийн урлаг юм. Энэхүү уран бичлэг нь Монгол туургатны утга соёл, оюун сэтгэлгээний бахархал, үндэсний  билэг тэмдэг хэмээдэг. Уран бичлэгийн үндсэн хэлбэр эртний тиг, хичээнгүй тиг(албан ёсны бичлэг), гүйлгэн тиг, таталган тиг, эвхмэл тиг(дугуй эвхмэл, дөрвөлжин эвхмэл), тамганы тиг, хос уянгын төрөл гэх мэт олон янз байдаг. Монгол уран бичлэгийн хамгийн эртний дурсгал нь Чингисийн чулууны бичиг гэж алдаршсан, Есүнхэй мэргэний 335 алдад харваж оносныг алдаршуулан босгосон чулуун дээрх таван мөр, эртний тигээр сийлсэн бичээсийг 1224 онд бичигдсэн гэж эрдэмтэд үздэг. Эртний Монгол уран бичээчид эхний бичсэн мөрийн бэх нь хатаагүй байхад, дараагийн мөрийг бичиж дуусгах, амьсгалаа тохируулж нэг амьсгаагаар бичих, жигд хэмнэлээр олон хуудас тасралтгүй бичих, өнгө өнгийн бэхээр алаглан бичих, нэг дусал бэхээр ч урлан бичдэг. Уран бичлэгээр бийрийн эрдэмд суралцсан бичгийн эрдэмтэд нэг үгийг 10,000 удаа бичиж байж сая сайн бичээч болдог гэлцдэг. Иймээс бийрээр хичээнгүй сайхан бичихэд сэтгэл оюун, хичээл зүтгэл, тэсвэр тэвчээр нэн чухал байдаг. Монгол уран бичээчид ном судраа бүтээхдээ өөрсдөө бийрээ урлан хийдэг байсан. Туулай, шилүүсний чихний үзүүрийн үс, алаг даага, гахайн сэрвээний, үхрийн чихний дотор талын үс, тарвага, зурам, хэрэмний сүүл, адууны дэл зэрэг Монголын нутагт амьдардаг амьтдын үсээр бийрээ үслэдэг байжээ. Цаасыг том хэмжээтэйг нь морин цаас, жижгийг нь хонин цаас гэж нэрлэдэг. Хийгдсэн материалаар нь улаалжин, хулсан, хөвөнлөг, идээлсэн цаас , муувин, бидэрт цаас, цаваг цаас, зориулалтаар нь дөрөвт цаас, зургаат цаас, мөн гарал үүслээр нь Солонгос, Нанхиад, Төвд, Япон, Орос цаасыг ашигладаг байжээ.

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу