МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

МОНГОЛ МАЛГАЙН УРЛАЛ

МОНГОЛ МАЛГАЙН УРЛАЛ

Монголчууд эртнээс нааш “Мандах төрийн малгай” гэх буюу “эр хүний хийморь малгай, бүсэндээ оршдог” хэмээн тэргүүндээ залдаг малгайгаа дээдлэн иржээ. Монгол малгайг ерөнхийд нь 4 улирлын, эрэгтэй, эмэгтэй, хүүхдийн, гоёлын, албаны гэж ангилахаас гадна цаг хугацааны хувьд ч төддүгээр зууны, төдий үеийн гэх мэтээр ангилдаг. Түүнчлэн Монгол угсаатан ястан бүрийн эрэгтэй, эмэгтэй малгай хоорондоо ялгардаг. Ихэвчлэн дээдэс ноёд албаны малгайныхаа чихийг нь буулгаж ёс алдахгүйн тулд үсээр доторлож, гадна талд нь зүү ороосон чихэвч, хүзүү хоолойгоор жавар оруулахгүйн тулд дүүдүү /ангийн үс, хөвөнгөөр хийсэн/ хэмээх ороолт маягийн юм зүүдэг байжээ.

Монголчуудын дунд түгээмэл хэрэглэгддэг жанжин малгайг урлахдаа гавал, духыг ташуу ороож хэмжээ аваад дөрөв юмуу зургаан талд хувааж тус бүрийн оёдлын хэмжээг нэмж эсгэнэ. Эсгэсэн 4-6 талдаа тохируулан дээшээ эргэдэг 4 талыг гаргахдаа их бие тал хоёрын залгагдах хэсгийг адил хэмжээтэй хийж талуудын хоорондын хавчаарыг жигд нарийн хавчина. Дотор талыг цардан хэд хэд давхарлан нааж хатаана. Чихийг эсгэн даавуу дархарлан нааж цардаад зуных бол хар бор хилэн, өвлийнх бол үнэт үс барин оёод эх биед залган дээш эргүүлнэ.

Тоорцог урлах: Жанжин малгайг бодвол талууд нь арай олон, сампин шургуулдаг хэсэг нь мохоо байдаг. Эмэгтэй тоорцог заавал залаатай байх бөгөөд үстэй тоорцог хийх бол булга, хэрэмний сүүлийг оройд нь тууш хаддаг. Лоовууз хийх: Толгойн оройгоос эрүү хүртэлх зайг хэмжиж хийх эдийг дөрвөлжлөн хэмжээгээ тааруулаад орой хэсгийг дугуйлан ар шил рүү нь налуу хайчилж, духны хэсгийг бага зэрэг дарж 2 тал эсгээд түүндээ дотрыг тохируулна. Өнгөний ар эмжих хэсгийг цардаж дотор талд нь даавуу барьж наана. Үнэгний арьсыг голоор тууш хуваах, мөн цээж бөгсөөр нь хувааж 2 лоовууз болгодог. Хурга ишигний арьс бол жигд нэг өнгөтэй байхыг бодолцох, хярсны арьс бол гол нурууны судлыг голлуулж хийдэг байна.

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу