МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

МОНГОЛ ГУТЛЫН УРЛАЛ

МОНГОЛ ГУТЛЫН УРЛАЛ

Монгол үндэстэн эрт цагаас ээтэн хоншоортой гутал өмсч байсан нь археологийн олдвороос харагддаг. Гутал гэдэг үг нь год гэсэн үгнээс гаралтай, эрт үедээ гөрөөс мэт амьтны годоор гутал хийдэг байснаас үүссэн гэдэг. Монгол гутал нь өмсөж тайлахад хялбар, холгож нухахгүй эвтэйхэн, адуу малтай харьцахад түшигтэй, ээтгэр хоншоор нь газар сэндийчихгүй байгалд ээлтэй байдаг. Монгол гутал нь зулаг, түрүй, ул, хавчаар, эмжээр, зуузайнаас бүрдэх бөгөөд нарийн дарааллын дагуу нийлүүлэн оёдог. Монгол гутлыг эхлээд түрүйг, түүндээ тохируулж зулгийг эсгээд бөсөөр доторлож наана. Түрүйг эмжин зулгийг залгахдаа 1-3 сарьсан хавчаар барьж шөвөгдөн оёно. Дээд талаараа дугуй доошоо өргөвтөр эсгэсэн зуузайнд хэд хэд давхарласан даавуу наагаад ширж захыг нарийн олсоор хөвөрдөж өсгийд хадна. Зулагны хэмжээнд тааруулан улыг эсгээд эсгий ул хийх бол завсар нь эсгий хавчуулан давхарлан ширнэ. Оёх явцдаа дотогш нь татаж ээтэн болгож, захын өөг хайрч жигдлээд цагаан даавуу наана. Наасан даавууны дээд захаар савхи, сарьс элгээр хүүхэн ул даруулж оёод үхэр адууны нойтон шир хадаад илүү гарсныг хутгаар өөлнө. Мөн Монгол гутлыг ширмэл улаар уллах бөгөөд ингэхдээ 1 дан улны ирмэгээр нарийхан цагаан даавуу давхарлан нааж, хошуу талыг өндөрлөн ээтэн хэлбэрт оруулан хүүхэн улыг суулгаж ширнэ. Монгол гутлын нэг бүрдэл хэсэг нь оймс бөгөөд дулааны улиралд бөсөөр доторлосон нимгэн эсгий, хүйтний улиралд зузаан эсгийгээр хийнэ. Оймсны харааг торгоор өнгөлж түмэн насан, дан давхар алхан хээ болон зүү ороож чимэглэдэг. Оймсны харааны халааг савхиар өнгөлөн тоонолжин хээний булан гаргаж урладаг байна. Гутлын түрүй болон зулганд гаргасан угалзаар нь 8, 16, 32, 64 угалзтай гэж ярихаас гадна барьж оёсон сарьсаар нь 1, 3 сарьстай гэх мэтээр ярьдаг. Мөн ноёд дээдэс, мяндагтан лам нарын гутлыг битүү зүү ороох, ширэн хөөмлийн аргаар битүү угалзлан урладаг байснаас Эх Дагинын сувдан гутал цуутай билээ.

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу