МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

МОНГОЛ БӨХ

МОНГОЛ БӨХ

Бөхийн барилдаан Монголын үндэсний баяр наадмын хамгийн гол хэсэг юм. Монгол бөхийн барилдах ёс журам нь зөвхөн хоёр биеийн хүч чадал, авхаалж самбаа сорих биеийн тамирын тулааны зориулалтаас гадна зан үйл, урлагийн зүйлстэй ихэд хосолсон байдаг. Энэ нь барилдахын өмнөх болон дараах гараа, дэвээ зэрэг ёслолын хөдөлгөөн, барилдах журам, хувцас өмсгөлөөс тодорхой харагдана. Эдгээр нь олон зуун жилийн турш боловсрон хөгжиж ирсэн бөгөөд цөм гүн гүнзгий учир утга дэг ёстой. Монгол бөхийн өвөрмөц нэг зүйл нь түүний хувцас өмсгөл юм.

Дундговь аймгийн Өлзийт сумын нутаг Дэл уул хэмээх газраас илэрсэн хоёр эрэгтэй хүн өөд өөдөөсөө 2 гараараа тулан зогсож буй дүрслэлтэй хадны зургийг судлаачид бөхийн барилдааныг харуулсан дүрслэл хэмээн таамагласан байдаг. Энэхүү хадны зураг нь он цагийн хувьд 7-11 мянган жилийн өмнө буюу Хүрэл зэвсгийн үед холбогдох бөгөөд энэ үеэс бөхийн барилдаан үүссэн хэмээн үзэж болох чухал баримт юм. Уран мэхийг уралдуулан, авхаалж самбаа, арга чадлаа сорин барилддаг үндэсний бөх нь үнэлж баршгүй соёлын өв, өнө мөнхөд өвлүүлэн үлдээх учиртай уламжлалт спортын нэг билээ. Өдгөө Үндэсний их баяр наадмаар болон онцгой тэмдэглэлт өдрүүдээр зохион байгуулдаг хүчит бөхийн барилдааныг 2011 оны 09 дүгээр сард үндэсний бөхийн тусгай арга хэмжээ болгон зохион байгуулж, 6016 бөх барилдсанаар “Хамгийн олон оролцогчтой барилдаан” хэмээн Гиннесийн номд бүртгүүлсэн түүхтэй.

Бөхийн сүр жавхааг илтгэн харуулсан гоо үзэмж, төгс утга бүхий хэрэглэгдэхүүн бол зодог шуудаг. Монгол бөх нь бат бэх, голдуу торгомсог эдээр хийсэн өнгө үзэмж сайтай өмсгөл буюу зодог, шуудаг, гуталтай барилддаг. Бөхийн зодгийг өнгөний хувьд мөнх хөх тэнгэрийг бэлгэдэж цэнхэр, шуудгийг монгол бөхийн гал голомт тасрахгүй, үргэлжид бадамлаж байхыг бэлгэдэн улаан өнгөөр хийдэг. Түүхийн зарим үед монгол бөхийн зодог шуудаг нь шашны янз бүрийн нөлөөнөөс болж, харьцангуй өөр өнгөөр хийх тохиолдол гарч байсан ба 1921 оноос улаан зодог, хөх шуудгийг хэрэглэх болжээ.

Бөхчүүд наадам эхлэхэд зүүн, баруун жигүүрээс цолны эрэмбээр цувран гарч, өөр өөрсдийн засуулыг тойрон дэвж ёсолно. Барилдаан эхлэхээс өмнө болон дуусах мөчид дэлэх, дэвэх, өрөх, шавах, тахим өгөх, авах хөдөлгөөн нь нэг талаас бөхийн спортын урлаг, ёс уламжлалыг илтгэдэг бол нөгөө талаас бие халаах ач холбогдолтой юм. Наадмын үеэр бөхчүүд өөрийн засуул, зөвлөгчтэйгөөр барилдах бөгөөд засуул нь гурав, тав, долоогийн даваанд бөхөө цоллодог уламжлалтай. Улсын начин, харцага, заан, гарди, арслан цолтой бөхийн малгайн магнайн хэсэгт үндэсний бөхийн цолыг илэрхийлсэн хүчит болон үлгэр домгийн амьтдын дүрс бүхий цагаан мөнгөөр урласан дугуй хэлбэрийн ялгах тэмдэг байдаг. 1995 оноос 4 талт малгайг улаан залаатай болгож, түүн дээр шар өнгийн туузаар наадамд гаргасан амжилтыг тэмдэглэж ирсэн ба дээд талын залаа улсын баяр наадмын барилдаанд хэдэн удаа түрүүлж, үзүүрлэснийг, доорх залаа хэдэн удаа шөвгөрснийг илтгэдэг байна.

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу