МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

МОНГОЛ БИЧИГ

МОНГОЛ БИЧИГ

Монгол үндэстэн эртнээс нааш 10 гаруй бичиг үсэг хэрэглэж ирснээс хамгийн эртний бөгөөд нийт Монгол туургатанд хэрэглэгдэж ирсэн бичиг бол Монгол бичиг юм. Монголчууд бараг VIII зууны үед Согдоос бичиг авсан гэж зарим эрдэмтэд үздэг. Энэ үзлийг баримталбал Монголчууд бичиг соёлын 1000 гаруй жилийн түүхтэй ард түмэн юм. Монгол бичгийг Худам Монгол бичиг /Удам гэсэн Монгол үгнээс, худма-эш зарлиг гэсэн Согд үгнээс гаралтай/, хуучин Монгол бичиг /шинэ зүйл авах бүр урьд хэрэглэгдэж байснаа хуучин гэж нэрлэдэг ёсоор/, Босоо бичиг /хэлбэрийн талаас/, Мөнх тэнгэрийн бичиг, Хөх тэнгэрийн бичиг /бэлгэдлийн талаас/, Уйгаржин бичиг /Уйгураар дамжуулан Согдоос авсан эсхүл Уйгур, Монгол 2 зэрэг авсан гэсэн үзлээс/ гэж нэрлэх нь бий. Монгол бичиг нь нийт Монгол туургатны хэл аялгуунд төгс нийцдэг бөгөөд 24 үсэгтэй, үсэг бүр нь үгийн эхэн, дунд, адагт ордог өөр өөр зурлагатай. Мөн Монгол бичигт “о”, “у” болон “ө”, “ү” эгшиг, “ха”, “га” болон “хэ”, “гэ”, “д”, “т” хийгээд “ж”, “з” гийгүүлэгчийг ижил хэлбэрээр тэмдэглэдэг нь олон аялгууны /өндөр-үндэр, соёл-суюл, халзан-галзан, засах-ясах гэх мэт/ авиа зүйн онцлогтой нарийн нийцдэг. Бурхны шашинт Энэтхэг, Төвд зэрэг улстай соёлын харилцаа өргөжихөд 1587 онд Аюуш гүүш “Али-гали” хэмээх /али-эгшиг, гали-гийгүүлэгч гэсэн утга бүхий Санскрит үг/ гадаад үг, нэр томьёог тэмдэглэх тусгай үсэг зохиожээ. Ингэснээр Монгол бичгээр Санскрит, Төвд, Хятад зэрэг гадаад хэлний үгийг тэмдэглэхэд хялбар болсон байна. Монгол бичиг нь хүн төрөлхтний соёлын түүхэнд Монгол түмний оруулсан үнэт өв бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 96 дугаар тогтоолоор баталсан “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр III”-ийн хүрээнд 2025 оноос төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага албан хэргээ кирилл болон үндэсний хос бичгээр хөтлөн явуулах болсон юм. Учир нь Монгол бичиг нь Монголчуудын уламжлалт соёл, ахуй, зан заншил, хэл зүйн хувьд төгс нийцсэн нэг үгээр давхар утга тун бага илэрхийлдэг Монгол хүн бүрийн мэдэж, сурч, өвлүүлэх ёстой  өвөрмөц онцгой соёлын өв билээ.

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу