МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

МОНГОЛЫН УЛАМЖЛАЛТ ХЭМЖИЛ ЗҮЙ

МОНГОЛЫН УЛАМЖЛАЛТ ХЭМЖИЛ ЗҮЙ

Цаг хугацааг хэмжих: Монгол туулийн баатрууд:

Цаг сая эхэлж байхад

Цахилдаг сая ургаж байхад

Нар сая мандаж байхад

Навч сая дэлгэрч байхад

Сүмбэр уулыг дов байхад

Сүн далайг шалбааг байхад

төр улсаа төвхнүүлж, алдар цол нь арван зүгтээ түгж байдаг.  Унаа хүлэг нь:

Жилийн газрыг сараар товчилж

Сарын газрыг өдрөөр товчилж

Өдрийн газрыг цагаар товчилж

эзэн баатруудаа зорьсон газар нь саадгүй  хүргэж байдаг нь, мөн баатар бодонгууд дайн дайснаа дараад

Жаран жилийн жаргал хийж

Наян жилийн найр хийж

Амар сайхандаа жарган суудаг

гэх мэтээр гардаг нь монголчуудын цаг хугацааг хэмжих хэмжүүрийн тод томруун жишээ юм.

Монголчууд цаг тооллыг жарнаар цаглах бөгөөд жаран нь 12 жил, жил нь улирал, улирал нь сар, сар нь долоон хоног гэх мэтээр хуваагдсаар дэнс буюу хамгийн бага нэгжид хуваагдана. Бидний эртний өвөг Хүннү нар, түүнээс ч өмнө монголчууд 12 жилийн тогтолцоог цаг тоололдоо хэрэглэж байсан гэдэг. Нэг жарны бүх жилд өөрийн оноосон нэр, өнгө, махбодь байх тул тийм жил тэр жаранд 5 удаа эргэхдээ нэг л тохиодог байна.

Эзлэхүүнийг хэмжих: Монголчууд өөрсдийн амьдрал ахуйдаа хэрэглэдэг зүйлээр тухайн зүйлийн эзлэхүүнийг тодорхойлдог. Тухайлбал:  аяга, тагш, хөхүүр, тогоо, уулын чинээ, үхрийн чинээ, тойгон чинээ гэх мэт. Мөн шингэн зүйлийг ин /207,9 литр/, ачаа /103,54 л/, хүү /51,77 л/, суулга /10,35 л/, шин /1,03 л/, битүү /0,10л/, хувь /0,01л/ гэсэн нэгжээр илэрхийлдэг байсан нь эдүгээ бараг мартагджээ.

Хүндийг хэмжих: Монголчууд үнэт металл хэмжих дэнс, эд зүйл хэмжих гар жинлүүрийг амьдрал ахуй, худалдаа наймаандаа хэрэглэж иржээ. Нэгэн үе сы /0,37 мг/, хуу /3,73 мг/, лий/37,30 мг/, фун /0,37 гр/, цэн /3,73 гр/, лан /37,30 гр/, жин /596,81 гр/, пүү /16,3 кг/ гэсэн хэмжүүрийг хэрэглэж байснаас эдүгээ лан, цэн, пүү гэсэн хэмжүүрийг эдүгээ ч хэрэглэх нь бий.

Талбайг хэмжих: Монголчуудын дөрвөлжин хэмээх ойлголт нь квадратыг илэрхийлэх бөгөөд хааш хаашаа гэдэг нь урт өргөнийг хэлж буй ойлголт юм. Ингээд хааш хаашаа өртөө, саахалт, алд, алхам, төө, сөөм, хуруу гэх мэтээр ярихаас гадна өрхийн чинээ, гэрийн буйрын чинээ,алгын чинээ, зүүний үзүүрийн чинээ гэх мэт зүйрлэн хэмжих нь бий.

Уртыг хэмжих: Монголчууд жижиг зүйлийн өргөн нарийн, зузаан нимгэнийг гараар хэмждэг. Ямх /хурууны 2-р үе хүртэл/, хуруу, мухар сөөм, сөөм, төө, барим, мухар тохой, тохой, дэлэм, алд гэх мэтээр гараар хэмжихээс гадна гишгэм, алхам, алцам гэх мэтээр хөлөөрөө хэмждэг байна. Мөн малын явдлаар хонины, үхрийн, тугалын, хурганы, адууны бэлчээрийн газар гэх юмуу бод малын явдлаар үдийн газар, өдрийн, хоногийн, жилийн, мөн ойр саахалт, хол саахалт, хараа хүрэх, мод, бээр, өртөө газар гэх мэтээр хэлдэг. Монголчуудын уламжлалт хэмжил зүйн ойлголт нь үлгэр, домог, тууль, ардын дуу, зүйр цэцэн үгэнд үлэмж их тохиолддог. Тухайлбал: “Долоон бор оготно” үлгэр тэр чигтээ монголчуудын юмыг хэмжих ойлголтын тод томруун жишээ юм.

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу