МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

МОНГОЛЫН УЛАМЖЛАЛТ ТОО ТООЛОЛ

МОНГОЛЫН УЛАМЖЛАЛТ ТОО ТООЛОЛ

Эрдэмтэн Г.Гонгоржав “Монголчуудын эрдэм ухааны уламжлал” номондоо “…одоогоос 2000 жилийн өмнө буюу Хүннүгийн үеэс математикийн ухааныг барилга байгууламж, суваг шуудуу татах, батлан хамгаалах зорилгод болон цаг тооны бичиг зохиох, од гаригийн байршлыг тооцоолох, өдөр шөнийн үргэлжлэх хугацаа, нар сарны ургах шингэх цаг хугацаа, жилийн дөрвөн улирал, нар сарны хиртэлт зэрэгт ашиглаж байжээ “ хэмээн бичсэнээс үзвэл манай монголчуудын уламжлалт тоо тоолол нэн эртний үеэс системтэй мэдлэг болон хэрэглэгдсээр ирснийг харж болно.

Юуны өмнө монголчууд ертөнцийг үзэх үзэл, шашин суртахуун, зан үйлтэйгээ холбогдуулан аливаа тооны бэлгэдэлт утгыг эрхэмлэдэг бөгөөд энэ ойлголт эдүгээ цагт ч бидний өдөр тутмын амьдралд хэрэглэгдсээр байна. Тухайлбал: “Долоо дордож, найм сэхэх”,  “Эр хүний арван гурван мэх” гэх буюу 2 дахь өдөр хол замд гардаггүй, азын тоо гэх мэт ойлголт.

Үгсийн сайн тоо бөгөөтөл дуустал үл өгүүлнэ

Дээлийн сайн хуяг бөгөөтөл хуриманд эс өмсөнө

хэмээн “тоонд мухар үгүйг” өгүүлсэн зүйр үг байх боловч Монголын нэрт эрдэмтэн Д.Ишбалжир /1704-1788/, Жанжаа хутагт Ролбийдорж /1717-1766/ нар 10-ийн 63 зэрэгд хүртэл тооны оронг нэрлэсэн нь бий. /дан, аравт, зуут, мянгат, түмт, бумт, саят, живаа, дүнчүүр, тэрбум, их тэрбум, наяд, их наяд, маш дэлгэрмэл, их маш дэлгэрмэл, тунамал.. үйлдэж дуусашгүй, үлэшгүй/

Алдарт математикч Шарайн Мянгатын /1685-1770/ “Математикийн хуулийн нарийн хуримтлал” 53 дэвтэр, “Солбицон барих бодрол бичиг” 36 дэвтэр, “Тойргийг огтолж Пи тоог олох хялбар арга” /энэхүү бүтээлдээ тригонометрийн үндсэн 9, нийт 13 томъёог шинээр нээсэн/ бүтээлүүд нь математикийн шинжлэх ухаанд монголчуудын оруулсан үнэт хувь нэмэр юм. Монгол зурхайн аргад мөн тоо тооллыг ашиглах бөгөөд бүр Хүннүгийн үеэс “зурхайн самбар” ашигладаг байжээ.

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу